Өнөөдрөөс KFC-гийн бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно”

2019-02-18 12:19 709

KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Учир нь KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар хийж бичүүлсэн байсан. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэх мэдээллийг НМХГ-аас өгөөд байгаа.

Харин НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа.

“Энэ сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Таванбогд фүүдс” компанийн Зайсан KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал гарсан. Хяналт шалгалтыг зургаан өдрийн турш нойр хоолгүй, нэлээн өндөр хэмжээний зардал гаргаж хийж байна. Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцийг шинжилгээнд хамруулсан байгаа.

Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн салбар нь 28 ажилтантай. Тухайн ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэггүй, тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадалыг хэвшүүлээгүй. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй. Холбогдох бүртгэл хөтлөөгүйгээр явагддаг зөрчил илэрсэн. Мөн үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэхдээ МХЕГ-ын зөвшөөрөлгүй бодис хэрэглэж байсан.

Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээнээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртлэх сая төгрөгөөр торгоно. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулна” гэлээ.

Мөн өнөөдөр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр дараах мэдээллийг өгсөн байдаг. Тэрбээр ““Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.

Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна.

Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэсэн юм.

Х.Соёл

Шинэ мэдээ

error: Content is protected !!