Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

2019-02-15 14:24 467

Нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх иржээ-

KFC сүлжээ түргэн хоолны газарт хоол идээд хордсон 78 хүн эмнэлэгт ханджээ. Одоогоор 20 гаруй хүн халдварт өвчин судлалын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн 5 хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр анх ирсэн байна. Асуумж, судалгаа хийж үзэхэд тэд Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт хооллосон байжээ. Энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн баг ажиллаж, дээрх газар очиж ажиллаж судалгаа хийж байх үеэр дахин хэд хэдэн хүн хоолонд хордсон гэсэн дуудлага мэдээлэл нэмэгджээ.

ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Хордлого болсон иргэд 12-нд ирэхдээ нэлээд суулгалт, бөөлжилттэй байсан . Мөн хордлогод орсон 10 гаруй хүн зөвлөгөө аван гэрээр өрхийн эмчийн хяналтад байгаа.Xордсон иргэдийн тухайд ч судалгаа, шинжилгээний ажил үргэлжлэн явагдаж байна. Учир нь ар араасаа ганц нэг хүмүүс нэмэгдэн ирж байна. Нууц үе нь долоо хоног болж магадгүй” гэв.

Халдварт өвчин судлалын төвд дуудлага ирсэн даруйд МХГ-т хандан тухайн өдрийн хоолноос дээж, ажилчдаас нь шинжилгээ авчээ. Мөн хоол бэлтгэж байсан түүхий эдээс ч дээж авчээ.Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газарт очиход хаалттай байлаа.

source: eagle.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!