Ц.Элбэгдорж: Х.Баттулга төмөр замын хэрэг, Тавантолгойн асуудлаа надад үүрүүлэх гэсэн архаг ХУЛГАЙЧИЙН зан л гаргаж байгаа юм

2019-02-13 14:17 262

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө хэвлэлийнтэй чөлөөт ярицлага хийж улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Тэгвэл уг ярилцлагаас олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал байсан нь түүнийг Тавантолгойн асуудалтай холбоотойгоор шалгуулах хүсэлтийн талаар байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын иргэнийхээ хувиар Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудалтай холбогдуулан шалгуулах хүсэлтээ Ерөнхий прокурорт өгсөн юм. Тодруулбал, прокурорын байгууллагын удирдах ажилтын зөвлөгөөнд оролцох үеэрээ тэрбээр 178 хуудас материал бүхий Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээ гардуулсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон. Энэ бол 60 тэмбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр сэтгүүлчидтэй уулзсан уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ . асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “Тавантолгойн асуудал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга 178 хуудас материал өгсөн. Тэгвэл миний бодож байгаагаар тэр 178 хуудас материалаа ил болго. Нээлттэй болгох хэрэгтэй. Х.Баттулгаа чи юу өгсөн юм бэ, түүнийгээ нээлттэй болго оо. Өөр юу байгаа юм бэ. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Би тийм хэрэг хийчихсэн, муухай юм хийчихсэн бол сэтгүүлчид та нар ч гэсэн үзэх хэрэгтэй. Түүнийг нь сонин хэвлэл, вэб сайт дээр тавих хэрэгтэй. Хоёрдугаарт Х.Баттулга бол архаг хулгайчийн зан л гаргаж байгаа. Би Х.Баттулгын занг мэднэ шүү дээ. Өөрийнхөө төмөр замын хэрэг, Тавантолгойн асуудалтай холбоотой юмаа л Ц.Элбэгдоржид үүрүүлье гэж байгаа юм. Х.Баттулга бол нэг юмыг сайн мэдэж байгаа шүү дээ. Чиний асуугаад байгаа Эрдэнэтийн асуудалд Ц.Элбэгдорж ямар ч холбогдол алга. Холбогдуулах гээд наадуул чинь зөндөө явж байгаа. АСЕМ гээд баахан явлаа.

Намайг АСЕМ гэх зэрэг бүх хулгайтай холбогдуулах гэсэн чинь юу ч гарахгүй байгаа байхгүй юу. Хэрвээ прокурорт өгдөг бол АСЕМ-аар наадуул чинь эхэлж өгнө. За, ингээд юу ч холбогдолтой юм, баримт би олж чадсангүй. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө хэргийг л Ц.Элбэгдоржид үүрүүлье гэж байгаа юм. Зүгээр л хэрэгт архагшсан, хулгайд архагшсан, хулгай зохион байгуулж сурсан хүний л арга байхгүй юу. Өөр юу ч биш. Юу ч байхгүй. Тавантолгойг урагшаа өгнө гэсэн. Та өгнө гэсэн юм уу гээд сэтгүүлчид асууж байна. Миний ганцхан барьдаг зарчим байгаа. Энэ хар нүүрсийг авдаг орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Одоо З.Энхболд гээд Х.Баттулгын тамгын газрын дарга нь бий. Тэр уг нь ингэж ярьдаг байсан юм. Төмөр зам тавиад нүүрсээ заръя гэж ярьдаг байлаа. Х.Баттулга чинь их аюултай хүн байхгүй юу. Өөрийнхөө хулгайд хамтрагч болгоод татдаг. УИХ дээр зогсоосон гээд л байдаг. Тэр бол гавьяа биш. Тэр бол Монголыг хорлосон хорлол. Одоо Монголд дахиад тийм боломж ирэхгүй. Түүнийг зогсоосноор Хятад руу экспортолдог ОХУ-ын нүүрсний экспорт л өссөн. Х.Баттулга бол тэнд шороо овоолж хаяад овоолсон шорооноосоо мөнгө хулгайлсан юм. Тэгтэл Монгол хохирсон юм. Тавантолгой зогссоноос хэн хожсон юм бэ. Х.Баттулга л хожсон. Би нүүрэн дээр нь энэ хулгайгаа боль гээд өрөөндөө дуудаж оруулж ирээд хэлсэн. Одоо эдний ганц айдаг юм нь Ц.Элбэгдорж гарч ирээд ярих вий. Ц.Элбэгдорж гарч ирээд илчлэх вий. Би энэ нөхдүүдийн занг “үнэрээр” нь л мэднэ. Одоо Х.Баттулга Монголд хамгийн ашигтай байгаа алтны наймааг гартаа оруулахын төлөө, түүнийг хянахын хойноос явж байна гэж би “үнэрлэж” байна, би тэгж харж байна бас хардаж байна. Та бүхэн харж байгаа байх Эрдэнэтийн 49 хувь л гээд байгаа. Аягүй бол нэг өдөр Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байж магадгүй шүү” гэлээ.

Мөн тэрбээр шаардлагатай тохиолдолд хуулийн өмнө шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Ч.Ган

Шинэ мэдээ

error: Content is protected !!