Х.Мөнхбат: Охид маань “аав аа” гэж дуудахад ухаан орсон

2019-02-11 12:32 544

Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа мөнгөн шагнал 16 сая төгрөгөөр урамшуулсан юм. Эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж шилдэг гурван аврагчийн нэгээр шалгарсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг “Зууны мэдээ” сонин Монгол Улсын төлөө буландаа урилаа. Тэрээр онцгой байдлын байгууллагад 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

-Юуны өмнө онцгой гавьяа байгуулж шагнуулсанд баяр хүргэе. Анх хэрхэн аврагч болсон тухайгаа болон ажлын гараагаа хаанаас эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Би Батлан хамгаалахын их сургуулийн харъяа Ахлагчийн коллежийг 2003-2004 онд суралцаж төгсөөд 2008 он хүртэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилласан. 2008 онд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах отрядад усчин аврагчаар анх ажилд орж байлаа.

-Онцгой байдлын албанд 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Нэг ч хором хариуцлага алдах эрхгүй онцгой нөхцөлд ажиллахад шантрах үе гарч байв уу?

-Шантрах үе байсан. Онцгой байдлын алба хаагчид аврах туслах тангарагтай ч бусадтай адил жирийн л хүмүүс шүү дээ. Гэхдээ бид төр, эх орон, ард түмэндээ тангараг өргөж бие, сэтгэл зүрхээрээ хат суусан эрс. Бидний хийж буй ажил үүрэг, хором мөч бүхэн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийгээ аврах үйл хэрэг байдаг учир ямар ч хүнд хэцүү бүхнийг даван туулж чаддаг. Үүгээрээ өөрсдийгөө хурцалж энэ сайхан албаараа бахархдаг.

-Анхны тусламж үзүүлэхээс эхлээд үүрч, дүүрээд гүйх үе гардаг байх. Сэтгэлээс гардаггүй аврах ажиллагаа юу байсан бэ?

-Тийм үе олон бий. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд НИК компанийн 14 тонн шатахуун ачсан Урал загварын хоёр автомашин Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийж яваад далайн мөс цөмөрч осолдоход манай онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын газар очиж үүрэг гүйцэтгэсэн. Энэ аврах ажиллагаанд далайн мөсийг 2х2-ын хэмжээтэй цоолж цооног гарган 47 метрийн гүнд шумбаж нэрвэгдэгчийг гаргаж ирэх үе л мартагддаггүй юм. Тухайн үед 35-40 хэмийн хүйтэн байсан учир амьсгалын төхөөрөмж усанд хөлдчихөөд гурван өдөр шумбалт хийсэн. Гурав дахь өдөр 40 метрийн гүн рүү ороход амьсгалах зуултуур маань хөлдөж агааргүй болсон. Ард мөрдэс нэгт алба хаагчид, НИК компанийн ажилчид, нэрвэгдэгчийн ар гэр, бусад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа тэр олон алба хаагчдаа бодож зорьсон үүргээ заавал гүйцээнэ дээ гэж шийдсэн. Тэгээд машинаас нэрвэгдэгчээ өөртэйгөө бэхлээд дээш гарах үед үхлээ л гэж бодсон. Туулж өнгөрүүлсэн амьдрал минь хэдхэн хоромын хугацаанд нүдний өмнө харагдаад өнгөрдөг юм байна лээ. Гэнэт нүдэнд минь цооногны дээрээс хоёр охин маань тонгойчихсон “Аав аа нааш ир нааш ир” гээд дуудаад байгаа нь харагдсан. Тэр үед гэнэт ухаан орж амьд гарах ёстойгоо ойлгосон. Хүүхдүүдийн минь заяа намайг түшсэн.

-Ажиллаж байсан томоохон осол гамшгуудаасаа дурдахгүй юу. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их гардаг болов уу?

-2011 онд НИК компанийн хоёр Урал автомашины осол, 2012 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт цасан нурангины аврах ажиллагаа, 2012 онд Хөвсгөл нууранд нэг хүн завьтайгаа осолдсон, 2016 онд Хөвсгөл нууранд дөрвөн хүүхэд нэг том хүн завьтайгаа хөмөрсөн. Мөн 2017 онд Мөрөн суманд болсон үер, 2018 онд Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван том хүн, нэг хүүхэд машинтайгаа унаж осолдсон дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Ер нь жижиг гэлтгүй аврах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. Аврагчдад нэг секунд ч үнэ цэнэтэй. Учир нь хором бүр хүний амь наснаас гадна нөхрийн болон өөрийн амь настай холбоотой байдаг болохоор их хариуцлага үүрч явдаг.

цааш үзхэ

Шинэ мэдээ

error: Content is protected !!