Б.Лхагвасүрэнгийн ард түмэндээ сургамжилж, ухаарал хайрласан 20 эшлэл

2019-02-11 10:11 1289

Б.Лхагвасүрэнгийн ард түмэндээ сургамжилж, ухаарал хайрласан 20 эшлэл

“Хүний чанарыг он цаг шалгадаг юм”

“Хүн эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан”

“Хажууд хүүхэд “Ээжээ” гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би энд үхтлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм”

“Ид зохиол бичиж байхад, ид сайхан шүлэг бичиж намайг улсууд магтаж байхад түүнд нь биш, өөрийгөө хагас таньсандаа хөөрөөд, хүн болгон л жижигхэн харагддаг байсан. Тийм үе надад байсан. Тэрийгээ гайхуулж, архи ууж сагсраад, би гээд яваагүй хүн шүү дээ. Гадагшаа гаргалгүй, тэвчиж өнгөрүүлсэн шиг байгаа юм”

“Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг”

“Хүний харааны хурд муу болохоор харж чаддаггүй л болохоос биш бид эртний их сүнсүүдтэй хамт байгаа гэж би боддог. Магадгүй, аавын минь сүнс намайг тойрон эргэж байгаа байх. Амьдад нь баярлуулж чадаагүй ч сүнснийх нь өмнө алдасгүй байх сан даа”

“Авьяас билэгтнүүд арьсгүй юм шиг мэдрэмтгий. Тэдний гомдох баярлахын зай хоорондоо их ойрхон. Өгөгдсөн нөхцөл ийм болохоор гоц гойд шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг л хүлээж авна уу гэхээс ажиллагааны тогтсон уламжлалын үргэлжлэлийг хүлээж авдаггүй хүмүүс байдаг”

“Та нар залуу насыг залуу юм шиг эдлэ л дээ. Ухаарч сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л явдаа. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихсөн бол харамсана. Залуу насыг залуу чигээр нь л эдэл. Маяковский “Сор нь гялалзсан борхон арьс шиг содон чимэг хаана ч байхгүй” гэж бичсэн юм шүү дээ”

“Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй”

“Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй”

“Монголчуудын эрүүл байдаг нэг шалтаг нь дэндүү сайхан эрүүл юм хэрэглэдэг. Бид зэвтэй ус уулаа, уулаа гэхэд мянгаад жилийн түүхтэй Европын хотуудын ус шиг ус уугаагүй байх аа, явж явж. Ядарлаа ядарлаа гэхэд Парисын ус шиг ус уугаагүй байх. Нью-Йоркийн ус шиг ус уугаагүй байх гэж би бодож байгаа”

“Миний эх орон бол ариун, бүүр цаагуураа ариудсан газар юм. Хүндээ ээлтэй байгаа нь, хүүхэд нь өсөж байгаа нь, хүн нь бядтай, бяртай байгаа нь, барагтай өвчнийг эсэргүүцэж өндийж байгаа энэ тэрийг харахад гайхалтай. Хүн ер нь явж явж ийм сайхан орныг онож төрнө гэдэг ёстой том хувь заяа юм байна”

“Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан”

“Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий”

“Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм”

“Явж явж Монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг”

“Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн”

“Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье”

“Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа”

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ СУУТ ХӨВГҮҮН ТА МЯНГАН ЖИЛ ДУУРСАГДАНА 🙏🏻

Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад эвлэдэггүй шиг

Үнэнээ хэлье

Нулимсаараа зуурч хэлье

Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг

Үнэнээ хэлье

Амьсгалаа зангидаж хэлье

Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад

Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан

Ижий минь инээгээд над руу ирэхэд

Энэхэн замбуу тивийн наран над дээр л асгардаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд

Аараг толгодын элс алтаар нурдаг байсан

Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой тинь орооцолдож

Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулзадгүй шиг

Үнэнээ хэлье

Эсээ шатааж хэль

Урсгал усан эргэж уулзадгүй шиг

Үнэнээ хэлье

Цусаа буцалгаж хэлье

Ижийгээ амирласнаас хойш би гуйлагчин болсон

Гэхдээ…

Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлагчин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан

Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон

Чиний үзэгслэнд өөрийн чинь юм нэгч байхгүй

Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх

Төрсөн бие чинь газар эхийнх

Нулимс чинь хөх булгийн ус

Инээд чинь хөөрүү хадны цуурай

Эрвэлзэх сормуус чинь хиаг өвсниих

Элбэг сөвх чинь харвасан ододынх

Илүү зангүй дөлгөөн чинь уулынх

Их тунгалаг зүс чинь сарных

Өнгө ,сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэгслэн чинь

Өгсөн юм болхоороо буцааж чамаас авна

Гайхуулж яваа үзэгслэнгээс чинь

Ганц ч юм чинийх бишээ амраг минь

Шинэ мэдээ

error: Content is protected !!