Ард түмний хайртай хүү, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст гуай тэнгэрийн орондоо заларчээ

2019-01-16 20:07 1208

Ард түмний хайртай хүү, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст гуай тэнгэрийн орондоо заларчээ.

Ум сайн амгалан болтугай…

Б.Бааст 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Түүний бага нас Алтөнцөгц сумын Түнгэ, Хоогийн булаг зэрэг газруудад өнгөрсөн. Тэрбээр хар багаасаа л ээжээсээ хагацсан. Б.Бааст эхээс арван наймуулаа өнөр өтгөн айлын хүү байв. Гэвч ээж нь хамгийн бага хүүхдээ төрүүлчихээд нялхын халуунаар өөд болсон гэдэг.

Эх нь өвддөг жил хүрээнээс аавынх ах ламын гэрийг нүүлгэж ирээд хүүхдүүдийг аавын ээжийн эх гэх харгис чавганцын \Б.Баастынхаар\ гарт атгуулчихав хэмээсэн билээ. Тэр хахир чавганц гэгч хүн нь аав ээж хоёр руу нь хүүхдүүдийг явуулахгүй хар цай, хатуу хуруудаар л хооллодог байжээ. Нэг өглөө Б.Бааст гуайг харгис чавганц нь том хар домботой халуун хар цайг хоёр аяганы хамт бариулаад ээж аав хоёртоо оруулж өг гээд явуулсанд ижийнхээ барааг харах том аз таарав. Үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн ижийг нь аав дээлэнд ороогоод тэврээд суучихсан байж байв. Энэ тухайгаа “Авчирсан цайгаа аягатай нь тулганы дээхнэ тавьчихаад гар хуруугаараа оролдон зогсож байтал ээж нь үнсье гэж дуудан үнсүүлэв. Хоёр гурав хоноод ижий минь нас барсан. Тэр олон ах, эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсэн азтай хүү нь би” хэмээн ярьсан гунигт түүхтэй.

Олон өнчин хүүхдүүд үлдэж хатууг туулж байхад аав нь гурван хүүхдээ айлд өргүүлж, Б.Баастыг ч айлд өргүүлэх шахсан гэдэг. Ийм л хатуу бэрх цагт төрж өсөж, амьдрал гэгчийг жинхэнэ утгаар нь туулсан энэ эгэлгүй эрхэм монголын утга зохиолын салбарт нэрээ үлдээсэн намтар түүхтэй.

Шүлгээр урамшсан ирээдүйн зохиолч:

Б.Бааст 19 насандаа буюу 1940 онд нийслэлд анх хөл тавьж нэгдүгээр сургуулийн анхны есдүгээр ангийн сурагч болж байв. МУИС байгуулагдахад Мал эмнэлгийн ангид элсэн суралцсаж байсан ба 1951 оны “Улсын ударник” болов. 15 настайдаа буюу 1936 онд Анхны шүлэг болох “Миний нутаг”-аа бичсэн гэдэг. Уг шүлэг нь 1940 онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” сэтгүүлд хэвлэгдэхэд бяцхан хүү урам зоригоор бадрав.
Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль,

Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль /1964/-ийг төгссөн.

МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн.

Монголын шинэ үеийн уран зохиолын “амьд архив” төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

Хойтон жил нь Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулсан шүлгийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн гарын үсэг бүхий батлахаар шагнуулсанаа бахархалтайгаар дурсан ярьдаг.

Залуу багшийн хөгтэй явдал:

Тэрээр Алтанцөгц сумын Хоогийн булаг хэмээх газарт баян Төрбат гэдэг хүн хувийн хүч хөрөнгөөр 50 хүүхэдтэй, зуны сургууль байгуулахад гурван cap багшилжээ. Нэг өдөр хэдэн сурагчдаа дагуулаад хувин, гадас барьчихаад зурам намнаж явтал Төрбат баян давхиж ирээд “Чамайг ардын үр хүүхдэд ном сурга гэснээс, амьтан алж нүгэл хий гэж багш болгоогүй” гээд ташуураа далайлгахад сурагчидтайгаа уйлалдан сургууль дээрээ ирсэн гэдэг.

Тэрээр залуудаа жаахан бүжиг оролдож давгүй сайхан бүжиглэчихдэг байжээ. Ленин клуб зуны улиралд гаднаа бүжгийн талбай засчихдаг байсан тул нэг удаа Чойжилын Чимидтэй хамт очиж бүжиглэжээ. Бүжгэнд орохдоо пиво уудаг байснаа сүүлдээ архи амсдаг болж. Тэгээд нэг удаа ухаан алдталаа согтож тэндэхийн зоогийн газрын ширээн дээр гарчихаад илтгэл тавьж, мөнгө цацаад, сүйд болсон хөгтэй түүх ч байдаг аж.

Амьдралын хатуу өнгө:

Тэрээр Баглай, Бадам, Бадаан (Цэвээнгүр) гээд охидод гэнэн балчир цагтаа анхны хайраа илэрхийлж явсан тухайгаа нэгэнтээ хэлсэн байдаг. Анхны хань нь бүр залуу байхад нь нас бараад хэдэн жил ганцаараа явсан. Мөн түүний ханилсан хоёр дахь хань одоогоос хорин хэдэн жилийн өмнө бурхан болсон. Б.Бааст гуай “Гэрийн нэг багана хугарах хэцүү. Тэр тусмаа эмэгтэй талын багана хугарах бүр хэцүү. Би одоо бол гадаа гарч эр болж, дотор орж эм болж л явна” хэмээн ярьж байв.

Зохиолч болоогүй, зохиолчийн хүүхдүүд:

Б.Бааст гуай гурван хүү, дөрвөн охин гээд долоон сайхан хүүхдээ өсгөсөн жирийн эцэг хүн. Тэднээс гурав нь тэнгэр болчихсон. Тэдний хамгийн том хүү Б.Тамир нь Э.Бат-Үүл, сайд асан С.Баяр нартай хамт Дөчин мянгатын хулигаан байсан тухай ярьдаг билээ. Энэ тухай “Даанч архинд толгойгоо мэдүүлсэн хүүхэд байлаа. Э.Бат-Үүл, С.Баяр хоёр зөв замаа олон явсан ч хүү минь архины замаар явсан” хэмээн өгүүлжээ. Тэрээр бага хүү Б.Хэрлэндээ хамгаас хайртай. Хүү Б.Хэрлэн нь их цэвэрхэн бичигтэй мөн зураг зурах авъяастай байсан ч сүрьеэ өвчнөөр, нэг охиноо автын ослоор алдсан их зовлон шаналал түүнд буй.

Тэдний хүүхдүүдээс зохиолч хүн нэг ч байхгүй байгааг гунигтайхан л өгүүлдэг юм билээ. Энэ тухайгаа тэрбээр “Миний хүүхдүүдээс эд материалаар тус болохоос биш эрдэм соёлын талаар тус болох нь алга шиг байна. Намайг нас барахад юмыг маань тарааж эхлэх биз. Эзэн болох хүн алга. Миний юмыг уншдаг хүн алга. Миний тухай ярих хүүхэд байхгүй. Манай аав сайхан хүн байсан, намхан нуруутай навтгар хүн байсан гэхээс өөрийг хэлэх хүн алга. Тийм зохиолыг тэгж бичсэн гэж дурсах хүүхэд байхгүй. Би хэлээд цөхөрсөн. Гомдох ч юм. Ганц туужийг минь ч болтугай унш гээд ядчихсан” хэмээн ярьсан удаатай.

Их зохиолчдын түүчээнд:

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, төрийн шагналт яруу найрагч Цэвэгмидийн Гайтав, Монголын орчин үеийн үргэлжилсэн өгүүллэгийн ноён оргилын нэг ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ нарын анхны шүлгүүдийг уншиж, редакторлан, залуу зохиолчдын түүвэрт хэвлүүлэн, уран бүтээлийн моринд нь дөрөөлүүлсэн хүн нь Б.Бааст гуай билээ. 86 жилийн түүхтэй Монголын орчин үеийн утга зохиолын 80 жилийн түүхийнх нь гэрч болно

Шагнал:

Түүнд 300 гаруй дэвтэр байдаг гэж яригддаг юм. Мөн 20 гаруй ботийг бичиж, хэвлүүлсэн Монголын утга зохиолд өөрийн гэсэн мөрийг үлдээж яваа ахмад зохиолч. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цолоор тус тус шагнуулсан юм.

Талийгаачийн хамгийн сүүлд ярилцсан ярилцлагыг хүргэе.

Б.Бааст: Эргээд харахад их л сонин содон баримтууд үлдээж чаджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, МУСГЗ Бөхийн Бааст бол Монголын утга зохиолын амьд нэвтэрхий толь болсон хүн. 1930-аад оноос өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. МЗЭ-ийн 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Б.Бааст гуай “Нэг харахнаа 89 жил зохиолтойгоо зууралджээ. Олон ч үеийн зохиолч нөхөдтэйгөө гар сэтгэл нийлсэн байна” хэмээн яриагаа эхэллээ.

-Та төрсөн нутаг усаа тодруулан ярина уу?

– 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт мэндэлсэн. Одоо 97 насыг зооглочихлоо. Чадвал 100 хүрэх санаа байгаа шүү. Гэхдээ сүүлийн үед бие жаахан дордож, ойр ойрхон эмнэлэг бараадах боллоо. Монголын утга зохиолын хамгийн ахмад зохиолчоор нэрлэгдэж, их ч хүндлэгдэж байна. Улсууд ч их юм асуух гэх юм. Чаддаг, мэддэгээрээ л түүх ярих юм даа.

-Та байгалийн сэдэвт зохиолоороо нэрд гарсан. Залуугаас тань л байгальд ойр хүн гэж ярьдаг. Энэ нь урт наслахад тань нөлөөлдөг юм биш үү?

-Тийм шүү. Байгаль дэлхийтэйгээ их л ойрхон явлаа. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, монгол ахуй зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиол нэлээд бичлээ. Тэрчлэн 20 дугаар зууны эхэн үеэс 21 зууны хориод онтой мөр зэрэгцэж, хоёр зууныг дамнан амьдарч байгаадаа бахархаж суудаг. Баримтат уран зохиол буюу олон боть дурсамж дурдатгал бичлээ. МЗЭ маань боть ботиор хэвлэж өгсөн шүү. Эдгээр бүтээл бол Монгол Улсын түүхэн эх сурвалж болохуйц баримт юм.

-Таны бүтээл дотор зохиолчдын захидлын гар бичмэл багагүй байр эзэлдэг. Тийм болохоор лавлах товчоо шиг танаас зохиолчид их зүйл мэдэж, суралцаж явна. Таны уран бүтээлээс эх орны туулж өнгөрсөн амьдралыг харж болно гэж судлаачид хэлсэн байдаг?

-Нээрэн тэгж хэлдэг болоод байна. Уран зохиол, сэтгүүл зүйн бүх төрлөөр зохиол туурвисан байна. Миний зохиолууд баримттай, баримтат уран сайхны, амьдралаас үүдэлтэй байдаг онцлогтой. Түүнээс гадна Монголын зохиолчдын өв санг хадгалах, хамгаалах талаар ч багагүй хөдөлмөрлөлөө. Орос зөвлөлтийн болоод дэлхийн сонгодог зохиолууд номын санд маань хүндтэй байр эзэлдэг. Монгол Улсын номын сан, архивт байхгүй ховор, бичгийн эх сурвалжууд надад байгаа шүү. Эд бүгд л номын минь гол эх суурь болдог.

-Та бүх аймгаар явж зохиолын эх сурвалжаа олдог байсан. Бас гадаад улс орон руу томилолтоор явдаг байсан гэл үү?

– Монголын болон гадаад орны халуун цэгт очиж баримтат зохиол бүтээлээ туурвисан. Баруун аймгуудад зуд болж малчид идэх уух зүйлгүй шахам болчихсон байх үед 40 гаруй хоногийн томилолттой ажиллаж байлаа. Вьетнамын дайны үед очиж ажиллан “Утга зохиол урлаг” сониндоо олон нийтлэл бичсэн дээ /Түүний дээрх зохиол бүтээлийн тухай МУСГЗ, хэл бичгийн ухааны доктор Д.Цэдэв онцолж байж билээ/.

-Таны бага залуудаа бичсэн “Чамайг үдье” дуу их алдартай. Нэг их олон дуу бичээгүй ч, нэг л дуугаар алдаршсаныг бас тэмдэглэн ярьцгаадаг. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таны дууг олон жил дуулсан даа, тийм ээ?

-Тийм. Г.Хайдав ямар л үйл явдалд оролцоно. Тэр бүхэндээ “Чамайг үдье”” гээд хангинуулж өгдөг байлаа. Гадаад явах, зорчихдоо олон үеийн оюутан залуус дуулдаг байв. Тэгээд л алдаршчихсан. 1947 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа тэр дуугаа бичсэн. Монголын сайн дурын уран сайханчдын тэмцээнд анх оролцохдоо дуулсан гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав гуай дурсан ярьдагсан.

– Та Монгол Улсын нэгдүгээр сургуулийн анхны сурагчдын нэг. Би тус сургуулийн гавьяат багш нарын хөрөг номыг хийж байхдаа, таны сурч байсныг мэдсэн юм?

-Нэгдүгээр сургууль чинь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гэгддэг байлаа шүү дээ. Сурахаас гадна багш боловсон хүчин дутагдалтай үед багшилсан тухай нэг намтартай. Хөдөө орон нутагтаа бичиг хэргийн боловсролтой, дадлагатай болчихсон хотод ирсэн болохоор шинэ бичиг үсгийг төвөггүй сурсан. Хуучин монгол бичгийг гэрээрээ сурсан. Тиймээс одоо ч эхний гар бичмэлээ хуучин монгол бичгээр бичдэг. Манай 40, 50-иад оны зохиолчид бүгд л хуучин монгол бичгээрээ зохиолоо бичдэг байв. Би Төрийн шагналт Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романыг нь хуучин бичгээс шинэ бичигт буулгаж, хэвлэлийн эхийг нь бэлдэж өгсөн. Д.Намдаг гуай их ч баярлаж байсан шүү. Бас Ч.Ойдовын мэндэлсний 100 жилийн ой 2018 онд болоход бас гар бичмэлээс нь цөөнгүй зохиолыг буулгаж өгч хүүхдүүдэд нь тусалсан. Хүүхдүүд нь сайхан хос боть хэвлүүлсэн байна билээ. Энэ мэтчилэн хуучны зохиолчдын гар бичмэлийг цуглуулах, шинэ үсэгт буулгах ажлыг нэлээд хийсэн дээ.

-Зохиолчдын тухай ховор баримтууд тань их сонирхолтой. Зохиолчдын гэр бүлийн намтрыг ч та сайн бичиж хадгалсан. Энэ тухайд…?

-Өө тийм. Бараг л бүх зохиолчийнхоо ар гэрийн амьдрал, туулсан зовлон жаргалыг тэмдэглэж авч байсан нь хожим үнэтэй баримт болж үлдсэн. Зохиолчдын намтар түүхээр нэгэн боть номоо гаргасан. Залуус их сонирхож уншсан. Бас ар гэрийнхэнд нь ч их хэрэг болсон гэж надад баярлаж талархсанаа хэлж байсан. Одоо дэлхий нийтээрээ баримтат зохиолыг бичдэг, уншдаг болсон байна. Тиймээс их хэрэгтэй баримт, түүхий эд нь надад байсан хэрэг. Ахмад зохиолчдын насны ой болохоор л над руу давхиад ирцгээнэ. Би ч байгаа баримтуудаа гаргаад өгнө. Эргээд харахад, их л сонин, содон баримтууд үлдээж чаджээ гэж бодогдсон.

-Эрхэм танд Төрийн дээд шагнал гардуулах үед юу бодогдсон бэ?

-Тун сайхан санагдсан. Эхлээд насыг минь хүндэлжээ гэж санагдсан. 97 нас гэдэг чинь бас л өндөр босго юм байна. Гэхдээ 100 хүрэхэд ойр л нас даа. Цэргийн гурван жил гэдэг шиг чармайж хичээж байгаад 3 жилийг давмаар санагдах юм. Зохиолчдын оюуны хөдөлмөрийг өндөр үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгодог болсон нь сайхан. Анхны Хөдөлмөрийн баатар зохиолч цолыг академич Б.Ширэндэв хүртсэн. Дараагийн баатар болсон зохиолч Төрийн шагналт Л.Түдэв. Яруу найрагч Төрийн шагналт Д.Пүрэвдорж гурав дахь баатар нь болсон. Дөрөв дэх баатар нь Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн. Би тав дахь баатар боллоо. Энэ насны хамгийн хүндтэй шагнал. Төрийн хамгийн дээд шагнал, 89 жил зохиол бичсэний минь үр шим, их л бахархаж сууна даа

-Танд урт насалж улам их бүтээл туурвиж, Монголынхоо уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Эрхэм дүүдээ ч уран бүтээлийн амжилт хүсье. 90 жилийн ойгоо гүн хүндэтгэлтэй тэмдэглэсэн үе үеийн зохиолчиддоо амжилт хүсье. Зарим ёслолд нь оролцож чадсангүй. Бие чилээрхүү ч, сэтгэл минь та нөхөдтэйгээ үргэлж хамт байсан шүү

-Ярилцлага өгсөн Танд гялайлаа.

source: montsame

Уран бүтээл

1936 оноос уран бүтээлээ эхэлж, “Толбо нуур” зохиол нь 1947 онд хэвлэгджээ.

Хүүхдийн уран зохиолын

“Гурван ишиг” /1957/,

“Хөөрхөн Баадий” /1959/,

“Бушуу туулай” /1967/, өгүүллэг,

Тууж

“Алтайн цэцэг” /1965/,

“Хунгийн дууль” /1970/,

“Хөвчийн бор” /1977/ зэрэг 60 гаруй түүвэр,

Бусад хэд хэдэн роман бичсэнээс гадна

“Мандухай сэцэн хатан” зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж.

Гавьяа Шагнал

МЗЭ-ийн шагнал /1966/ – “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа

Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ – “Хангайн бор” тэргүүтэй холбоо туужаараа,

Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999),

Монгол улсын Ардын Уран Зохиолч цол (2006),

Монгол улсын хөдөлмөрийн баатар цол (2018) шагнагдсан.

Шинэ мэдээ

error: Content is protected !!