Англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэх 10 зөвлөгөө

2019-01-14 13:04 91

Ярианы чадвараа хэрхэн сайжруулах талаар мэдмээр байна уу?

Та Англиар сайн ярьж сурахыг хүсч байна уу?

Англи хэл сурч байгаа хүмүүсийн хувьд ярианы чадвараа сайжруулахын тулд унаган Англи хэлтэй хүнтэй ярих нь хамгийн шилдэг арга боловч энэ нь Англи хэлээ сайжруулах цорын ганц арга биш юм.

1. Англиар бодож, сэтгэх дадлага хий.

Яаж ч бодсон Англиар ярьж сурах хамгийн чухал арга бол Англиар бодож сэтгэх юм. Тиймээс та унаган Англи хэлтэй хүмүүс хэрхэн бодож сэтгэдэг шиг дотроо Англиар бодож сэтгэх дадлага хийх хэрэгтэй. Энэ төрлийн чадвараа нэмэгдүүлэхэд тань хэрэг болох хэдэн зөвлөгөөг өгье.

Хэлнээс хэлэнд орчуулдаг зуршлаа хаях. (дотроо Монголоос Англи руу орчуулдгаа боль, өөрөө өөртэйгөө дотроо шууд Англиар ярьж, сэтгэ)

Англиас Англи толь бичиг ашиглаж сур

Хаана ч хэзээ ч Англи хэлээр сэтгэ. Нэгэн оюутан гудмаар алхаж байхдаа ойр орчиндоо байгаа хүмүүсээ аль болох олон тэмдэг нэр ашиглан Англи хэл дээр дүрслэхийг хичээдэг талаараа өөрийн туршлагаас хуваалцаж байсан. Та ч мөн адилхан зүйл хийх боломжтой эсвэл та чөлөөт цагаараа аливаа зүйлсийг Англиар бодон дадлага хийх өөрийн аргыг бий болгож болох юм.Та Англиар бодож сэтгээд эхлэхээр Англиар ярих нь илүү амархан болохыг та анзаарах болно.

2. Англиар өөртэйгөө ярь.

Гэртээ байх үедээ та өөрөө өөртэйгөө Англи хэлээ давтах боломжтой. Дараах зөвлөгөөнүүд таныг өөртэйгөө ярихад туслах болно.

Өөрийн дуртай номоо чангаар унш.

Тодорхой сэдвээр өөрийн бодлоо чангаар ярь. (Спорт, гэр бүл гэх мэт)
Өөрөө өөртэйгөө толинд харж ярь.(та солиотой хүн шиг харагдах байх гэж битгий санаа зовоорой)
Та ярьж эсвэл ямар нэгэн зүйл уншингаа өөрийн дуу хоолойгоо гар утсан дээрээ бичиж авсны дараа сонсох. Энэхүү аргыг хэрэглэснээр та өөрийн дуудлага, аялгаа хөндлөнгөөс сонсох боломжтой болж, засаж сайжруулах зүйлүүдээ анзаарч харах боломжтой болно.

3. Хамт давтах найз эсвэл хамтрагчтай бол

Найзтайгаа эсвэл найз залуу/бүсгүйтэйгээ хамт Англи хэлээ сайжруулах нь илүү амархан байдаг. Ялангуяа таны найз залуу/бүсгүй эсвэл найз тань унаган Англи хэлтэй бол бүр сайн. Онлайнаар хэн нэгэнтэй танилцах олон арга зам байдаг хэдий ч та интернетээр найзтай болох, тэдэнтэй ярих үедээ болгоомжтой байх хэрэгтэй.
Та Англи хэлний ярианы чадвараа сайжруулахыг хүссэн хүмүүстэй www.lets-talk-in-english.com хэмээх сайтаар дамжиж танилцаж болно.

4. Англи ном, сонин унш.

Ном унших нь таны оюун санаанд цоо шинэ ертөнцийг нээхээс гадна таны Англи хэлний түвшинг өөр түвшинд аваачих болно. Хамгийн гол нь та өөртөө тохирох номоо сонгох явдал юм. Хэрвээ та ямар ном сонгохоо мэдэхгүй байвал таны сонирхлыг татдаг сэдвээр бичигдсэн ном мөн дэлхийн сонгодог зохиолуудыг Англи хэл дээр хялбаршуулсан номуудыг сонгохыг зөвлөж байна. Та Улаанбаатар хотод дараах дэлгүүрүүдээс Англи хэл дээр бичигдсэн ном сэтгүүлүүдийг авах боломжтой.

Сонин унших нь бас их үр дүнтэй шүү. Та Англи хэлээ ч сайжруулна дээрээс нь унаган хэлтэй хэн нэгэнтэй ярихад ярианы сэдэв болох эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар мэдээлэлтэй болно.

5. Англи хэл дээр ТВ шоу болон кино үз

Англи хэл дээр ТВ шоу болон Youtube бичлэг үзэх нь танд Англи хэлээ сайжруулахад туслах бас нэг үр дүнтэй арга юм. Яаж хэрэгжүүлэх вэ?

Өөрийн дуртай ТВ шоуны хэсгээс сонго

Ярьж байгаа хүний үгийг мөр мөрөөр нь давтан хэл

Дууны өнгө, хурд, аялга гээд яг л тэр хүн шиг ярихийг хичээ. Болж өгвөл өөрийнхөө яриаг гар утсан дээрээ бичиж аваарай.
Дээр хэлсний дагуу мөр мөрөөр нь давтаж, ярьж буй хүний аялга, хурдыг нь дуурайхдаа хэрэв та шинэ Англи дуу сурч байсан бол ижилхэн дуулахын тулд хэрхэн дуучинг дуурайх байсан яг тэрэн шиг дуурайгаарай.

Зарим үгийг нь гүйцэд хэлж чадахгүй эсвэл зөв дуудаж чадахгүй байх нь хамаагүй, хамгийн гол нь зогсолтгүй/тасралтгүй дуурайн ярих нь чухал юм. Энэ арга барилаар та дахин дахин дадлага хийсээр байвал та нэг л мэдэхэд унаган Англи хэлтэй хүнээс ялгагдахгүй сонсогддог болсноо анзаарах болно.


Хэрвээ та Англи хэл дээр ном уншихаас залхчихсан бол кино үзэнгээ Англи хэлээ сайжруулах нь хамгийн сайн, хамгийн сонирхолтой арга байж болох юм. Та мэдэхгүй шинэ үгээ толь бичиг дээрээс таньж харах боломжтой байхын тулд хадмал (subtitle) орчуулгатай кино сонгох хэрэгтэй. Америкийн телевизийн олон ангит инээдмийн “Friends” буюу “Найзууд” нэртэй кино нь Англи хэл сурч байгаа хүмүүст маш тохиромжтой байдаг. Та энэхүү киног үзсэнээр “нэг сумаар хоёр туулай агнана” гэгчээр Англи хэлээ сайжруулахаас гадна элгээ хөштөл инээх болно.

6. Өдөр бүр Англиар бич

Бичих дасгал хийх нь танд шинэ үгээ ашиглаж сурах, дүрмээ мартахгүй байхад ихээхэн тустай байх болно. Сурсан дүрэм болон шинэ үгээ ашиглан өдөр бүр ямар нэгэн зүйл бичиж бай. Цөөхөн өгүүлбэр байсан ч хамаагүй, хамгийн гол нь тогтмол байх нь хамгийн чухал.

7. Англи дуу сур

Англи хэлээ сайжруулахад бас нэгэн гайхалтай арга бол өөрийн дуртай Англи дуугаа сурах. Англи хэлний дуудлага, аялга танд илүү дотно санагдаж Англи хэлний ритм, өнгө, цохилт бүрийг илүү сайн ойлгодог болно. Үүгээр ч зогсохгүй та дуртай дуугаа сэтгэлээсээ дуулах нь тухайн дуун дахь шинэ үгүүдийг цээжлэхийг хялбар болгож өгдөг.

8. Англи үг хэллэг, хэлц үг сур.

Та үгийг ганц ганцаар нь цээжлэх биш, хэлц үг хэллэгээр нь цээжлэх хэрэгтэй. Жишээ нь, “how is your day?” – Өнөөдөр ямархуу байна даа? гэж хэлж болох юм (өөрийн унаган хэл шигээ адил). Гэвч унаган Англи хэлтэй хүмүүс оронд нь “how’re you doing?” – Юу байна даа? эсвэл “what’s up?” -Сонин сайхан? гэж хэлж болох юм.
Англи хэлний өдөр тутмын хэрэглээнд хэлц үгүүд, хар ярианы хэллэгүүд маш их хэрэглэгддэг. Тэдгээрийг мэдэхгүйгээр зарим яриаг ойлгоход үнэхээр хүндрэлтэй байх болно. Өдөр тутмын нийтлэг хэрэглэгддэг хэлц үгүүдийг сурснаар та бусад хүмүүсийн яриаг сайн ойлгохоос гадна унаган Англи хэлтэй хүн шиг сонстох болно. Өдөр тутмын Англи хэлц үг, хар ярианы хэллэгүүдийг сурахад тань idiomsandslang.com сайтыг санал болгож байна.

9. Өдөр тутмын Англи хэлэн дэх хамгийн түгээмэл хэлц үгүүд

Унаган Англи хэлтэй хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг маш олон нийтлэг үг хэллэгүүд байдаг. Жишээ нь, Англи хэлэнд хүнд талархсанаа илэрхийлэх “you’ve made my day”, – Чи намайг баярлууллаа (баярлалаа), “that’s so kind of you”- үнэхээр эелдэг юмаа (баярлалаа) гэх мэт олон төрлийн арга байдаг. Тиймээс өөрийнхөө хамгийн их хэрэглэдэг үгүүдийг Англиар хэлж сурах хэрэгтэй.

10. Онцгой нөхцөл байдалд бэлтгэл ханга, алдаа гаргахаас бүү ай

Хүмүүс янз бүрийн зорилгоор Англи хэл сурдаг. Зарим нь Англиар ярьдаг компанид ажилд орохын тулд Англи хэл сурах хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд Англи хэл дээр ажлын ярилцлагад бэлдэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зарим хүмүүс гадаад найзуудтай болохын тулд Англи хэл сурахыг хүсдэг. Энэ тохиолдолд Англи хэлийг арай өөр талаас сурах хэрэгтэй болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Англи хэл сурах болсон шалтгаанаа сайтар эргэцүүлж, түүндээ тохирсон арга барилаа олох нь чухал юм.


Хэрвээ та бэлтгэлтэй байх юм бол өөртөө илүү итгэлтэй байх болно.

Англи хэл сурч байх явцдаа алдаа гаргах нь сайн зүйл гэдгийг та мэдэх хэрэгтэй! Алдаа гаргах нь хэл сурч байгаа хүний хувьд байх ёстой зүйлийн л нэг, гэхдээ алдаанаасаа суралцахгүй, алдаагаа дахин дахин давтаад байх юм бол харин муу юм. Хэрэв та Англиар ярьж сурахыг үнэхээр л хүсч байгаа бол хаана ч ямар ч үед Англиар ярих, дадлага хийхээс хойш суудаггүй байх хэрэгтэй.

Алдаа гаргахаас бүү айгаарай. Байнга давтаж, дадлага хийж байж таны Англи хэл сайжрах болно.

Танд амжилт хүсье!

Хэрэв танд манай нийтлэл таалагдсан бол найз нөхөддөө share-лэхээ мартуузай. Мөн өөрийн сэтгэгдэлээ та comment хэсэгт үлдээгээрэй.

source:https://english-maestro.mn/

Шинэ мэдээ

error: Content is protected !!