Худалчийнхан уучлал гуйсан шөнө

2019-01-12 15:42 232

Хууль тогтоогчдын паян ч дуусахгүй юм. Урьд шөнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг гишүүний олонхийн саналаар чөлөөлдөг болох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр худалчууд алдаагаа ухамсарлаж, биенээсээ уучлал гуйв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд пүрэв гаригт зохион байгуулсан жагсаалынхаа үеэр “Н.Номтойбар, Ж.Мөнхбат нар 200 орчим хүн, цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна. Жагсаал хяналтаас гарч байна” гэх мэдэгдлийг хийсэн. Олон түмний амгалан тайван байдлыг алдагдуулсан, худал мэдээллийг хийснийх нь төлөө Ж.Мөнхбат гишүүн Л.Болд гишүүнийг гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл Л.Болд гишүүн тэднийг гүтгэсэндээ Ж.Мөнхбат гишүүнээс уучлал гуйв.

Тэгвэл Ж.Мөнхбат гишүүн Л.Болд гишүүнтэй холбоотой батлагдаагүй мэдээллийг олон нийтэд цацсандаа зөрүүлээд уучлал гуйсан. Тэрбээр Л.Болд гишүүний хамаарал бүхий Богд банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж авсан тухай баримт байна. Бизнесийнхээ төлөө улс төрийн янз бүрийн акци зохион байгуулж, Л.Болд гишүүн гүйж явна гэж мэдээлэл хийсэн юм.

Хууль тогтоогчид баталгаагүй мэдээлэл хийж, биенээ гүтгэсэндээ уучлал гуйж болдог юм байна. Харин ард түмэндээ худал ярьж байгаа үйлдлийг яах вэ.

Дахин нэг жишээ татвал УИХ хамгаалаад үлдсэн ЖДҮчид байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нар албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан нь эрүүгийн хэрэг гэж Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал оруулж байхад бүгдээрээ биеэ өмөөрч, “Би буруугүй” гэж ярьсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Тойргоосоо тавьсан хүний асуудлыг шийдвэрлэх зорилгоор бичиг хийж, яам руу явуулсан” гэж мэдээлэл өгсөн ч төрсөн дүүгийнх нь компани уг зээлээс авсан болох нь батлагдсан. Улс төрийн зорилгоор намайг буруутгаж байна гэж Л.Энхболд нар мэдэгдсэн ч ерөнхий прокурорын зүгээс тавьсан баримтууд ил болсноор энэ бүхэн нь худал болох нь илчлэгдсэн. Тэд худал ярьсныхаа төлөө хэзээ ард түмнээсээ уучлал гуйх вэ. Тэднийг хамгаалж үлдсэн УИХ ард түмнээсээ хэзээ уучлал гуйх вэ.

Г.ХОРОЛ

Шинэ мэдээ

error: Content is protected !!