Л.Болд: Ард түмний эсэргүүцлийг цус урсгаж дарах нь ойлгомжтой боллоо

2019-01-10 15:46 479

НЭМЭЛТ:15:38 ЦАГТ

Жагсагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж жагсагчдын шаардлагыг албан бичгээр хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр талуудын дунд нэлээн хүчтэй маргаан гарсан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд “УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжгүй. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх, мэдлийг авахтай адил үйлдлийг хийж байна. Та бүхэн миний хийсэн ажлын тайланг жагсагчдад дамжуулж өгнө үү” гэх хариултыг уулзалтын үеэр өгчээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ЖАГСААЛ, ЦУГЛААН БИДНИЙ ХЯНАЛТААС ГАРСАН ШҮҮ

УИХ-ын гишүүн Л.Болд: -Бидний таван гишүүн уг жагсаал цуглааныг зохион байгуулах зөвшөөрлийг авахдаа маш их хариуцлагыг хүлээсэн. 12 дугаар сарын 27-ны өдөр бид маш тайван жагсаж, тарсан. Монголчууд бид тайван замаар нийгмээ өөрчлөх хувьсгалыг хийж чаддаг гэдгийг харуулах замын эхлэлийг тавьж чадсан. Бид жагсаал, цуглаанаа маш эмх цэгцтэй, дэс дараатай, ойлгомжтой, хүчирхийлэлгүй, өдөөн хатгалтгүй зохион байгуулсан. Бид жагсаалд оролцогч хүмүүсийг гурван удаагийн шат дамжлагаар шалгаж байж жагсаалд нэгтгэсэн. Бид жагсаал цуглаанаа энэ цаг мөчид дуусгах төлөвлөгөөтэй байсан. Ордноос хариу хүлээж байсан. Хариу өгөхгүй бол 200 гэр бариад хугацаагүй суулт зарлаж иргэдээс гарын үсэг цуглуулах гэх мат ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Цуглаан, жагсаал дуусахын үед УИХ-ын дарга М.Энхболд бидэнтэй уулзах саналыг тавьсан. Бидэнд хариу өгье гэсэн. Энэ үед жагсагчдад бага ч болов итгэл найдвар төрсөн. Бидний тайван, аюулгүй жагсах төлөвлөгөөг алдагдуулж байгаа юм байна. Сая хийсэн уулзалтаар Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас бүхий өнгөрсөн хугацааныхаа ажлын тайланг өгч байна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд хүмүүс цуглуулж жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг мөргөлдүүлэх гэж байна. Цэргийн хүч бэлдсэн байна. Ард түмний эсэргүүцлийг цус урсгаж дарах нь ойлгомжтой боллоо. Бид үймээн, самуун мөргөлдөөн рүү уриалаагүй шүү. Одоо бид жагсаалыг хяналтаас алдсан. УИХ-ын дарга огцрохгүй гэх хариуг өглөө. 40-50 мянган хүн үүнд ямар хариу үзүүлэхийг мэдэхгүй байна. Бид иргэдэд М.Энхболдын хариултыг дамжуулна. Үүний цаадах бүх үйл ажиллагааны хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд үүрнэ шүү. Монголын түүхэнд хар толбо үлдээж, хоёр дахь 7 сарын 1-ныг бэлдэж байгаад маш их харамсаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ БОЛНО

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэдгээ хэллээ. Жагсагчдад тайлбар бэлдсэн байна. Ард түмэн гадаа олуулаа цугларсныг мэдрээгүй сууж байна. Сая ороод уулзахад бидний дунд нэлээд халуухан маргаан боллоо. Ард түмний хилэнг тоохгүй байгаа түүхэн алдааг гаргалаа. Бид одоо гарч УИХ-ын даргын хэлснийг иргэддээ хэлнэ. 40-50 гэр барьж хугацаагүй суулт руу орохоос өөр гарцгүй боллоо. Үүний дараа УИХ-ын дарга огцрохгүй бол УИХ-ын гишүүд бид манлайлж өлсгөлөн зарлах болно. Олон нийт бидний тэмцлийг ойлгож дэмжихийг хүсч байна. Эмх замбараагүй байдал үүсгэхгүй. Олон жилийн хугацаанд жагсан цуглах эрхээ алдсан байсан Монголчууд өнөөдөр сэрлээ. МАНАН бүлэглэлийнхэн үүнд дургүй байх нь ойлгомжтой. М.Энхболд гэдэг хүнд ард түмнээ гэсэн сэтгэл зүрх байхгүй хүйтэн төмөр зүрх сэтгэлтэй хүн юм байна.АН-ын С.Эрдэнэ дарга болон зарим улстөрчид үймээн самуун гаргах бэлтгэл ажлыг хийж байж магадгүй байна. Гэхдээ энэ нь биелэлээ олохгүй байх. Иргэд ялгаж салгах ухамсартай болсон. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах ёстой” гэв.

Дээрх гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй мөн уулзсан юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 16.30 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах тов зарлаад байна.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!