ГАЛ ГОЛОМТ ариун байхад ГАЙ БАРЦАД холуур өнгөрдөг

2019-01-10 15:12 471

Монголчуудын эрт­нээс даган мөрдөж ирсэн уламжлалууд алдаг­даж буйг бид өдөр тутмын амьдралаасаа харж болно. Дэлхий даяаршихын хэрээр хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна. Дэлхийн хувьслыг дагаад үндэстэн бүхний онцлог цаашлаад хүний мөн чанар алдагдаж буйг хэн ч анзаардаггүй. Энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч хэн нь хэн бэ гэдгээ аажмаар мартаж буй “аюулын харанга” юм. Хондлой дээрээ хөх толботой төрдөг учир монголчуудыг дээд тэн­гэрээс заяатай, тэнгэрлиг ард түмэн хэмээдэг. Гэвч хөх толбо нь өдрөөс өдөрт бүдгэрч буй тухай зарим буурлууд ярьдаг. Бид бас л тоодоггүй. Бид өмнөх дугаартаа монгол уламжлал хэрхэн устаж буй тухай өгүүлсэн. Энэ удаагийн цувралдаа ч эртнээс даган мөрдөж ирсэн зарим уламжлал ямар байсан тухай сануулахаар бэлтгэлээ.

ГАЛ ТАХИХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ АЛДАГДАЖ БАЙНА

Монголчууд галаа дээдэл­дэг ард түмэн. Гал голомт цэвэр ариун байвал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй байна хэмээн бэлгэшээдэг. Тиймээс галдаа хар модноос өөр юу ч хийлгүйгээр тахин дээдэлдэг ажээ. Балчир байхад эмээ өвөө минь тулганд бурхан байдаг хэмээн домог ярьдаг байсныг тод санаж байна. Галаа баярлуулъя хэмээн өөхний өөдөс, шар тос хийхэд тулган дахь гал бадамлан асч, баярлан хөөрч буй мэт дүрэлздэг байсан цаг саяхан. Тэгвэл монголчуудын энэ уламжлал мартагдахад хүрчээ. Ижий аавтайгаа амьдардаг зарим нь л галаа дээдлэхээс залуу гэр бүлүүд галаа хэрхэн хүндэлж, дээдлэх тухай мэдэхгүй байгаа нь харамсалтай. Ихэнх нь тохилог байранд амьдардаг тул гал голомт гэдэг ямар учиртай болох, хэрхэн тахих тухай мэдлэг алга. Тиймээс айлын хиймор лундааг бадраах учиртай тулга нь зөвхөн хог чихэх зориулалттай дөрвөлжин хайрцаг болоод нэгэнт уджээ. Энэ тухай “Гэсэр” сүмийн хамба лам Б.Болд “Монголчууд галаа тахих эртний уламжлалтай. Чингис хааны үеэс галаа дээдэлж, тахиж ирсэн. Гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг. Учир нь гал гэдэг тухайн айлын хамгаалалт юм. Бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүний хийморь лундаа хамтдаа бадамлаж явдаг. Тиймээс галдаа элдэв бохир зүйл хийхгүй, ариун байдлыг нь алдагдуулахыг цээрлэх учиртай. Орчин үед залуу гэр бүл галаа дээдэлж мэдэх­гүй байна. Эсвэл ямар ч хамаагүй өдөр галаа тахиулъя гээд хүрээд ирдэг. Өнөөдөр л тахиад өг гэх жишээтэй. Гэвч гал тахих тусгай өдөр гэж бий. Хүссэн үедээ тахих боломжгүй. Галаа баярлуулах нь өөрийн дэг, ёс, уламжлалтай. Мөн орчин үеийн орон сууцанд амьдардаг залуус гал түлэх, галаа тахих боломжгүй учир өсч төрсөн эцэг, эхийн гал голомтод очиж гал шүтээндээ мөргөж, тахих учиртай” гэсэн юм.

“МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГАТАЙ БОЛМООР БАЙНА”

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!