Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэн унагасан бэ?

2018-12-12 11:00 145

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар удаан хугацааны дараа хэвлэлд ярилцлага өгцгөөв. Энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан” гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг өөрөө Засгийн газраа огцруулахыг хүссэн” гэсэн тайлбар хийсэн. Энэ долоо хоногийн “VS” буландаа дээрх эрхмүүдийн байр суурийг онцолж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан


-Н.Алтанхуяг буруу юм хийсэн гэж би энд яриад бид нэг нэгнийгээ мөлжөөд байх юм бол үр дүн гарахгүй дээ. Н.Алтанхуяг бол өөрийнхөө Засгийн газрыг өөрөө унагасан. Хуулийн асуудал яригдаад эхлэхээр Засгийн газар, Ерөнхий сайд огцорлоо гэдэг асуудлаар хохирсон хүн болж, тухайн үед яригдаж байсан асуудлыг хаах сонирхолтой байсан. Ерөнхийлөгч бас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирдэг хуультай. Тиймээс Н.Алтанхуяг би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна, та огцруулаад өгөөч гэж над дээр орж ирсэн. Тэр өргөдлийг нь би нугалаад ийм зүйл байхгүй гээд буцаасан. Н.Алтанхуягийн Засгийн газар огцруулахад Ардчилсан намын найман гишүүнийг нэг нэгээр нь хүлээн авч уулзаж, чаддаг юм бол огцруул гэж хэлж байсан. Би хэзээ ч Ерөнхий сайд огцроход дургүй. Тэгээд ч дараагийн Засгийн газар өмнөх Засгийн газраасаа хэзээ ч сайжирдаггүй. Ерөнхий сайд огцорно гэдэг бол асар их үнэтэй. Тиймээс Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр, нас барсан үед гэх мэтчилэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Н.Алтанхуяг нүүрс зарлаа гэх асуудалд холбогдож байсан. Уурхай дээрээ 27500 төгрөгийн үнээр зарагддаг нүүрсийг 2-3 дахин нэмж, иргэдэд зарсан. Миний нэг шаардсан зүйл бол уурхайгаас 27500 төгрөгөөр авсан бол тэр Н.Алтанхуяг энэ ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажиллаж, ашиг гаргах гэж нүдний булай болов оо гэж хэлж байсан. Тэгсэн яг л ийм юм болж, нүдний булай болсон. Хамгийн гол нь тэндээс найм, ес орчим тэрбум төгрөг хэдүүлээ хувааж идэх гэж байсан ч бага мөнгө авсан нэг нөхөр нь АТГ-т очиж матсан гэсэн яриа гараад тэр асуудал нь МАН дээр ирсэн. Тэрнээс гадна Н.Алтанхуяг огцрох өөр олон зүйл байгаа. Уурхайгаас нүүрс хямд үнээр аваад, Засгийн газар татаас авсан бол иргэдэд хямд л үнээр өгөх хэрэгтэй байсан.

2010 онд ҮАБЗ хуралдаж, утааны асуудлыг гамшиг болсныг зарласан. Тэгээд тодорхой ажлууд хийгдэж байхад 2012 онд түүхий нүүрс Улаанбаатар даяар тараагаад өнөөдрийн энэ утааны гамшиг бий болсон. Тэр үед энэ шийдвэр гаргаагүй байсан бол магадгүй өнөөдөр утааны асуудал шийдвэрлэгдсэн байх магадлалтай.

MN-25 дугаар суваг телевиз “Ам нээвэл”

Н.АЛТАНХУЯГ:

Монгол Улсын Ерөнхий сайд асан

-Намайг нүүрсний асуудалтай холбодог. Тэр талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч их тодорхой ярьж байна лээ. Долоон буудлын Должин эмээ нэг сая төгрөгөөр өвөлжих нь зөв үү, 500 мянган төгрөгөөр өвөлжих нь зөв үү. Би бол ядарсан эмээ 500 мянган төгрөгөөр өвөлжсөн дээр гэдэгт би хатуу итгэлтэй байгаа. Энэ хүн чинь амьдрал мэдэхгүй. Би чинь гэр хорооллын иргэд яавал арай хямд нүүрсээр өвлийг өнгөрөөж болох вэ гэдгийг мэддэг хүн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүрсний яриагаа миний зөвлөх байсан Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа хоёртой яривал жаахан мэдлэгтэй болох байх. Энэ талаар сайн мэдэж байна гэдэг чинь тэр хүн өөрөө хийсэн гэсэн үг. Ер нь манай Засгийн газрыг харлуулах юм байгаагүй учраас ард түмэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйлийг нь “ноолсоор” байгаад л нилээн хэдэн залуучуудыг шоронд хийгээд, ял эдлүүлсэн. Ганц Б.Мөнгөнтуяа цагаадсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд намайг Ерөнхий сайд болохгүй шүү, УИХ-ын дарга хийнэ шүү гэж хэлж байсан. Гэхдээ намайг Ерөнхий сайд бол гэсэн. Анхнаасаа Ерөнхий сайд хийлгэх сонирхолгүй байсан юм билээ.

С-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг

news.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!