Ерөнхий сайдын Хотын даргыг огцруулах саналаа эгүүлэн татсан ШАЛТГААН

2018-12-05 16:48 313

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэх байсан ч Хотын дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Ерөнхий сайд уг асуудлыг шийдвэрлэхээр болсон. Тодруулбал, Хотын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх юм.

Тэгвэл Хотын даргыг огцруулах саналаа эгүүлэн татсаныг Засгийн газрын Хэвлэлийн албанаас тайлбарлалаа.

Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.11.12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нь 2018.11.27-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад биечлэн өгсөн юм. Монгол Улсын Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг огцруулах тухай өөрийн саналыг НИТХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн үзэж 2018.12.03-ны өдөр энэхүү саналаа эгүүлэн татаж буйгаа НИТХ-ын даргад албан бичгээр мэдэгдээд байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-ын даргад гаргасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг огцруулах саналыг эгүүлэн татсан тухай албан бичгийг зургаар хавсаргав.

Б.Анир

Шинэ мэдээ

error: Content is protected !!