Алга болсон иргэнийг эсэн мэнд олсон боловч морио унаад зугтжээ

2018-12-03 10:15 993

Өнгөрсөн өдрүүдийн байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын шуурхай албаны мэдээллийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Ховд, Увс аймаг, баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр, Увс аймгийн Бөхмөрөн суманд 1 айлын гэр нурсан, 1 айлын 1,600 орчим бог мал уруудаж алга болжээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1,520 малыг олсон тухай мэдээллийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12 дугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 18:27 цагт ОБГ-т хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Шинэ мэдээ

error: Content is protected !!