Э.ЭНХЧИМЭГ: ХУВЦАС ДАВХАРЛАЖ ӨМСӨХ НЬ ЭНЭ ӨВЛИЙН ТРЭНД

2018-11-26 11:49 583

Урлах эрдэм” дээд сургуулийн дэд профессор, дизайнер Э.Энхчимэгтэй энэ өвлийн трэнд болж буй хувцаслалтын талаар ярилцлаа.

-Яагаад загвар зохион бүтээгч гэх мэргэжлийг сонгосон бэ? Энэ талаар яриагаа эхэлье?

Би багаасаа их урлагт дурладаг, уран зураг зурдаг байсан. Намайг бага байхад дизайнер гэдэг мэргэжил одоогийнх шиг ийм хөгжлийн түвшинд ярихаар байсангүй. Миний аав архитектурч хүн л дээ. Би арван жилд сурч байхдаа тухайн үеийн Политехникийн дээд сургуульд аавыгаа багшилдаг байхад нь оюутнуудтай хамт хичээлд нь сууж хар зураг зурдаг байсан. Мөн гадаад дотоодоос багш нар ирж хичээл заадаг байлаа. Хожмоо тэр нь загварын чиглэлээр явах үндсийг маань тавьсан гэж хэлж болно. Оёж урлах сонирхолтой бүсгүйчүүд их байсны нэг нь манай ээж байсан. Тэр нь надад нөлөөлсөн байх гэж боддог. Тухайн үед гоёл наадам, мөн оюутнуудын дунд хаврын гоёл болдог байсан. Одоо ч эдгээр наадмууд зохиогддог. Тэр наадмуудад амжилттай оролцож байлаа. Түүнчлэн Английн томоохон дизайнерууд төгссөн сургуульд очиж мэргэшил дээшлүүлээд ирсэн

-Загварын санаагаа хэрхэн олдог вэ?

-Яг энэ тэр гээд хэлэхэд хэцүү, янз бүр л байдаг даа. Ерөнхийдөө бол сэтгэл татам өөр орчин, өөр улс оронд очиход нэг тийм сайхан мэдрэмжийг дагуулж шинэ санаа төрдөг. Загвар зохион бүтээгч гэдэг бол оюуны бүтээл туурвидаг гэсэн үг л дээ. Бид илүү шинэ шинэлэг санаа сэддэг байх шаардлагатай. Дээхнэ үед дизайнер гэж зохион бүтээгч, технологич хүмүүсийг хэлдэг байлаа. Яг дизайнер гээд хэлэх хүмүүс тэр үед цөөхөн байсан байгаа юм.

-Дизайн гэж яг юуг хэлээд байна вэ?

– Дизайныг XX зууны эхэнд үйлвэрлэлтэй холбоотой үүссэн гэж үздэг. Үүнийг урлагийн нэг хэсэг гэж үзээд байна л даа. XIX зууны сүүл үеэс XX зууны эхэн үед үйлдвэрлэл их олноор хөгжсөн байгаа юм. Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ямар нэгэн материал эд юмсыг олноор үйлдвэрлээд эхлэхээр гадаад үзэмжид анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Ижил бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэгдээд ирэхээр гаднах үзэмжээрээ бие биенээсээ ялгарах шаардлага гарсан. Дизайн гэдэг зөвхөн гадаад үзэмж бус техник технологитой хослуулсан цогц бүтээгдэхүүнийг хэлж байна. Зөвхөн хувцас ч биш, бүх зүйл дээр дизайн байдаг. Хүмүүс бүхий л хэрэгцээгээ сонгохдоо гадаад үзэмжийг нэн тэргүүнд анхаардаг. Өнгө үзэмжээсээ гадна орчин цагийн хөгжил дэвшлийг цогцлоосон бүтээлийг маш өндөр дизайнтай бүтээгдэхүүн гэдэг. Одоо цагт дизайн дотроо гоёл чимэглэл /jewel­ry/, хувцас загвар, архетиктур гэх мэт төрөлжиж байна.

-Орчин үед залуус брэнд хувцас загвар хэрэглээг түлхүү хэрэглэхэд анхаарах болсон?

-1960,1970-аад оны үед бидний сайн мэдэх versage, coco chanel, dior гэх мэт брэндийн бүтээгдэхүүнийг 1980-аад оны үеэс авч хэрэглэх нь тогтсон. Дэлхийн загварын ертөнцийн урлагийн түүх Европтой салшгүй холбоотой. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг баталгаатай найдвартай, чанарлаг, сонирхолтой эдээр хангаж олон танигдсан нь брэнд болж чадна гэж боддог. Тиймээс байх ёстой, хэрэглэх ёстой соёлын нэг хэсэг. Парис, Милан, Нью-Йорк Лондон гэх орнууд загварын чиг хандлагыг “fashion week”-ээр гаргадаг. Түүнийг урлагийн хамгийн гол хүмүүс нь үздэг. Шууд тайзан дээр гарч байгаа хувцас мода болохгүй. Үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Тухайн загвар дээр танаж хасна, нэмнэ гэх зүйлүүд ордог. Хоёр гурван сарын үйлдвэрийн процессийг дамжсаны үндсэн дээрээс хүмүүсийн хэрэглээнд гардаг. Дизайнерууд “мода”-ыг бий болгодог. Орчин үеийн хүмүүс аялдаг болсон. Үүнд дизайнерууд аялалд авч явахад хялбар, загварлаг, материал нь үрчийдэггүй байнга индүүдээд байх шаардлагагүй аялалд зориулсан загвартай, овор хэмжээ багатай коллекци гаргадаг болсон.

-Дэлхийн загварын чиг хандлага одоо юун дээр төвлөрч байна вэ? Трэнд гэх ойлголт сүүлийн үед бий боллоо л доо. Хүмүүс трэнд хөөнө гэж яриад байдаг?

-Трэнд гэдгийг бид монголоор мода гэж ярьдаг. Трэнд гэдэг нь хэлбэрийн өөрчлөлт. Яагаад гэхээр хэлбэрүүд нь л өөрчлөгдөөд байгаа юм. Нөгөө талаас өнөө цаг үед орчин тогтнож байгаа хамгийн түгээмэл хэлбэрийг мода гэх юм. Одоо бол намар, өвлийн улиралд голлож байгаа чиг хандлагыг бид мода гээд байдаг. Дэлхийн томоохон дизайнерууд жилд хоёроос дөрвөн удаа хавар, зун, намар өвлийн шоу хийдэг. Одоо 2019 оны хавар зуны загварын чиг хандлагыг гаргана. Дандаа ирээдүйн улирлыг төлөвлөж загвар гаргана гэсэн үг. Загварыг урьдчилж гаргаад хэсэг хугацааны дараа боловсруулалт үйлдвэрлүүлэлтэд оруулж энгийн хүмүүсийн хэрэгцээнд орж, хэв маяг нь хүмүүст хүрээд олноороо хэрэглэх нь мода юм.

-Энэ намар, өвлийн загварын чиг хандлага болоод хувцсанд ямар өнгө ноёрхож байна вэ?

– Энэ өвлийн хувьд дулаан өнгөнүүд, дагнаасууд тодорч байна. Өвлийн улирлын 2018-2019 оны хувцас загварт хээ угалз ихтэй загварын чиг хандлага их байгаа. Сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан арьс үс моданд ордог. Барын эрээн маш том трэнд болж байна. Мөн могой, матрын арьсан жакетууд загварын нэгээхэн хандлага болж байна. Ирвэсийн хар хэсгийг эсрэгээр нь буюу ягаан, шар, ногооноор хийх чиг хандлага ажиглагдаж байгаа. Хувцасанд хослолын хоёр загварын чиг хандлага байна. Тэр чигээрээ нэг материалаар хослуулж өмсөх эсвэл доторх хувцас, пальто, хүрэм, цүнх, гутал, бүгд нэг хээтэй байх жишээтэй. Гутал, цүнх нь арьс байсан ч хээ хуар нь бүгд ижилхэн байхаар орж ирж байна. Мөн энэ өвөл гутланд анхаарал их өгч байна. Гуталны өнгө тод загварын шар, цэнхэр, эрээн гэх мэт. Урд нь гутал цүнх бараан байсан бол одоо эсрэгээрээ болж байна л даа. Богцон цүнхүүд модаонд орж байгаа. Мөн гадуур хувцасанд овор хэмжээ ихтэй юм шиг харагдахаар байцаа шиг олон давхар хувцасласан чиг хандлага давамгайлж байна. Куртик өмсөөд дээр нь шуб өмсөх ч юмуу, пальтоны дотор өдөн желетик өмсөх гэх мэт. Байцаа шиг олон давхар хувцаслах нь энэ намар, өвлийн трэнд болж байна.

-Өвлийн улиралд дулаахан хэрнээ дэгжин харагдах ямар санаанууд байна вэ?

-Өвлийн улиралд бид хар бараан өнгийн хувцас ихэвчлэн сонгодог. Тэгвэл үүний оронд гэгээлэг өнгийг сонгох хэрэгтэй. Өвлийн хувцсыг аккессоур, ороолтоор сонирхолтой болгож болно. Мөн энэ өвлийн трэнд болоод байгаа мода бол байцаа шиг олон давхар хувцаслаж болно. Аливаа улс орны хөгжил хүмүүсийн хувцаслалтаар дүгнэгддэг. Хувцас хувь хүнийг илэрхийлдэг маш чухал элемент. Хувцас дизайн урлагийн салбар болтлоо хөгжчихөөд байна. Загварлаг байна гэдэг маш үнэтэй зүйлийг хэрэглэх ёстой гэсэн үг биш л дээ. Өөрийн сонголтоо зөв хийж тохируулж өмсөх хэрэгтэй.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!