С.Оюунцэцэг: Талийгаач М.Амарболдод хайртай байсан болохоор дагаад байсан болов уу гэсэн байдал бичлэгээс ажиглагддаг

2018-11-20 17:08 1280

Очир төвд байрлах зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Энэ хэрэгт сэжиглэгдэн, яллагдагчаар татагдаад байгаа Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгч өнгөрсөн хугацаанд хэвлэлд хэргийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй юм.

 

Тэгвэл М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг ташаа мэдээлэл явж байгаатай холбоотойгоор манайд хэргийн талаар манай сайтад ярилцлага өглөө.

– Хэргийн нөхцөл байдлын талаар хуулийн хүрээнд та мэдээлэл өгнө үү?

– Би “Очир” төвд хүчиндүүлж, архинд хордож нас барсан гэх хэрэгт холбогдоод байгаа Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. М.Амарболдын гэр бүлийн зүгээс хүсэлт тавьсан болохоор энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд буюу хэргийг шалгаж дуусаад, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Энэ тухай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, мэдүүлэг болон бусад нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах, олон нийтэд мэдээлэхийг хориглосон. Хүний гэм буруутай юу үгүй юу гэдгийг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдэгдсний дараа олон нийтэд зарлаж болно. Энэ бол Үндсэн хуулинд заасан заалт.

Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эцэг Лхагвасүрэн тогтоогдсон. Тэр хүний өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар ажиллаж байгаа. Гэтэл энэ хоёр хүн хэрэг дээр ажилласан цагаасаа эхлэн сенсаци дэгдээж олон нийтэд янз бүрийн худал мэдээллийг цацаж эхэлсэн. Энэ бол нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Тухайлбал?

– 13 настай охиныг олон цагаар хайр гамгүй, харгис хэрцгийгээр зодож, амандаа шүдгүй, хамар нь мурийсан, олон гэмтэл учирч хүнд байдалтай тарчлааж хөнөөсөн мэтээр ярьж, мэдээлж байгаа. Энэ хэрэгтэй уншиж танилцсан өмгөөлөгчийн хувьд хэлэхэд талийгаач охины бие дээр чимхчихэж дээ гэхээр ул мөр байхгүй. Гадны нөлөөгүй нас барсан гэдгийг ШШҮХ-ийн шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогддог. Хэрэгт олон шинжээч оролцсон. Бүрэлдэхүүнтэй шинжээч орсон, дахин дахин шинжилгээ хийсэн. ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлээр бол шинжээч нар өөрийнхөө тусгай мэргэжлийн хүрээнд гаргасан шинжилгээ хийгээд, үүн дээр үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргадаг. Энэ гаргасан дүгнэлт үнэн зөв гэдгийг ШШҮХ-ийн шинжээч эмч хуулийн өмнө хариуцдаг. Хэрвээ зориудаар хуурамч дүгнэлт гаргах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг. Тийм болохоор шинжээч нарт хууль сануулж байж дүгнэлт гаргуулдаг. Тэгэхээр шинжээч нарын дүгнэлтээр талийгаач охин гаднын нөлөөтэй нас барсан гэх баримт нэг ч байхгүй. Талийгаач охины бүх шүд бүрэн, хамар нь мурийсан зүйл байхгүй, биед нь зодуурын улмаас хөхөрсөн зүйл байхгүй.

– Талийгаачийн бие энд тэндгүй хөхөрсөн гэдгийг эх сурвалжууд хэлдэг?

– Талийгаачийн биед цэгэн харвалт үүссэн. Энэ нь өөд болохдоо доошоо харсан байдлаас болоод мөн архины хордлогод орсны улмаас цэгэн цус харвалтууд байгаа. Энэ нь зодуураас болон гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон. Хордлогын төвийн профессор хүн энэ тухай шүүх хуралдаанд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол гадны нөлөөгүй. 250 мл архийг нэг цагийн дотор уухад ийм хордлогод орох боломжтой.

– Талийгаач охины гар утсыг булааж хүчээр “Очир” төв рүү чирж оруулсан гэх асуудал байгаа?

– Анх уулзсанаас эхлээд “Очир” төвд орсон, коридорт байсан гээд бүх бичлэг камерт үлдсэн байдаг. Талийгаач охин гартаа утсаа бариад, зам хөндлөн гарахад араас нь дагаж гүйнэ, микронд суухад ард нь хүлээж зогсож байгаад орно, “Очир” төвд араас нь дагаж гүйж орж байгаа, миний үйлчлүүлэгч талийгаач охиныг “Очир” төвийн коридорт чи яваач ээ гээд түлхэж байгаа бичлэг байдаг.

Гэтэл талийгаач охин М.Амарболдод хайртай байсан болохоор нэг уулзсан дээрээ дагаад явахгүй гээд байсан болов уу гэсэн байдал бичлэгээс ажиглагддаг.

Удаа дараа талийгаач охиноос яваач ээ, гэртээ хариа гээд хэлж байсан гэдгийг М.Амарболд мэдүүлсэн. Энэ байдлуудаас харахад утсыг нь булаасан, хүчээр чирж оруулсан нь худлаа болох нь тогтоогдож байгаа.

– Талийгаач охиныг нас барсан байхад нь хүртэл хурьцал үйлдсэн гэдэг?

– Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Р.Булгамаа нарын ярьж байгаагаас үзэхэд тэд өмгөөлөгч биш гэрч юм уу гэж харагдахаар байгаа. Болоогүй зүйлийг болсон, үзсэн мэтээр олон нийтэд зарлаад байгаа. 4 цаг нас барсан хүний дээр хурьцал үйлдэх эр хүн байх уу? Энэ бодит байдалд нийцэх үү?

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!