Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ

2018-11-16 16:53 1119

-НИЙГЭМД ДҮҮГ МИНЬ АМИА ХОРЛОСОН ХЭМЭЭН ИТГҮҮЛЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА-

-Та цахим хуудастаа шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хойшилсон тухай бичжээ. Ямар учраас хойшилсон юм бол. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу?

-Хэрэг гарсны дараа задлан шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарна гэж хэлсэн. Одоо асуухаар 21 хоног болгож хойшлуулсан гэсэн. Арваннэгдүгээр сарын 12-нд шинжилгээний хариу асуухаар Шүүх эмнэлэгтэй холбогдсон. Гэтэл “Ганцхан танайх хариугаа хүлээж байгаа юм уу” гэж хэлсэн. Дараа нь очиж уулзахад шинжилгээний хариуг ар гэрийнхэнд нь өгөхгүй, шууд байцаагчид нь өгнө гэж байна. Өнгөрсөн долоон хоногийн дөрвөн өдөр баярын өдөр байсан. Тэр дөрвөн хоногийн дараа, тав дахь өдөр хариу гарна гэсэн. Тав дахь өдөр гарсан хариу байцаагчид очсон ч бид нэг дэх өдөр танилцах юм шиг бана. Юм асуухаар л шинэ хуулиар ингэдэг гээд ам таглаад байх юм.

-Танайхнаас байцаагчид нь ямар нэгэн хүсэлт гаргасан уу?

-Тэгсэн. Талийгаачийн найз залуу болох Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ гэж асуухад “Ямар нэгэн баримтгүй болохоор хорих боломжгүй байна” гэсэн.

-Та яагаад найз залууг нь барих ёстой гэж үзэж байна вэ?

-Хамгийн сүүлд хамгийн ойр байсан, хамгийн их мэдээлэлтэй хүн. Мөн танайд тодруулга өгөхдөө “Сэтгэл зүйчид хандаж, эм бичүүлж авсан. Сэтгэл санааны хямралтай байсан” гэж хэлсэн нь их асуудалтай санагдаад байгаа юм. Миний талийгаач дүү найз залуугийнхаа тухай огт ярьж байгаагүй. Тэр хүн миний дүүг амиа хорлосон байх гэж хэлсэн нь их сонин байна. Миний дүү сэтгэл зүйчид хандаж байсан удаа байхгүй. Эмийг мэдрэлийн эмч бичиж өгдөг болохоос сэтгэл зүйч бичиж өгөх үү. Шоуных нь сэтгэл зүйчид охидоо байнга үзүүлдэг, дэмжлэг үзүүлдэг л гэж байсан. Манай дүү тэр шоунд оролцохын тулд маш их хичээж, жин хаясан учраас витамин, амин дэм уудаг байсан. Тэр найз залуу нь огт ор үндэсгүй юм ярьсан байна.

-Шоунд оролцохын тулд хувийн зүгээс их хичээсэн учраас амиа хорлохгүй байх. Тийм үү?

-Тийм. Өөрөө их хичээж байсан. Шоунд нийт 400 гаруй охин оролцсон. Тэднээс шилдэг гуравт орсон байсан шүү дээ.

-Танай гэр бүлийг өмгөөлөгч авсан гэж сонссон?

-Өмгөөлөгчтэй гэрээ хийн, хууль зүйн туслалцаа авч байна. Өмгөөлөгч гэрээ хийхээсээ өмнө шинжилгээнд хоёрдугаар баг оруулж ажиллана гэсэн. Өнөөдөр ч хамаагүй хоёрдугаар баг ажиллуулна гэж байсан. Гэтэл хоёрдугаар баг нь ажиллаагүй болохыг ажил явдал болсны дараа мэдлээ. Өмгөөлөгч хоёрдугаар баг шинжилгээнд оруулах учраас та бүхэн ажил явдлаа хийсэн нь дээр байх гэхээр нь бид дүүгээ сүүлчийн замд нь үдсэн.

-Та өмнө нь шинжилгээний хариу гартал оршуулах ёслол үйлдэхгүй гэсэн шүү дээ?

-Тэгсэн. Өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр бид ажил явдлыг нь хийсэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар буруу эргэж магадгүй гэж бодоод, дүүгээ чандарлаагүй, хөдөө нутаглуулсан. 11 сарын 2-ны өдөр цогцост мэнгэ тавих гээд ээж нь орсон. Шүүх эмнэлгийн морг руу ороход цогцос өөрчлөгдсөн байсан. Ээж нь орж харахад хамар нь шалбарсан, толгой нь хавдаж, духнаасаа дээш долгионтож хавдсан, чихнээс нь цус гарсан, хоёрдугаар шилбэ нь хөхөрсөн байсан. Цээжнээс нь хүйс хүртэл их муухай далий мурий оёдол тавьсан. Ээж нь яагаад харж болдоггүй юм бэ гээд нөмрөгийг нь сөхөж харсан. Ээж нь тухайн үед байсан эмчээс “Цогцос яагаад ингэж өөр болсон юм бэ” гэж асуухад доошоо хараад юу ч дуугараагүүй байгаа юм. Нас барсан хүнийг өөрчлөөд байдаг, их аймаар юм. Энэ талаар өмгөөлөгчөөс нь асуухад суурь өвчин байна уу гэж бүх талаас нь шалгадаг гэсэн. Цуснаас нь бүх шилжилгээ гардаг шүү дээ. Гадны нөлөөтэй юү гэж шалгуулж байхад… Хэлэх муу үг олдохгүй байна. Цаашдаа тэвчиж сууж чадахгүй нь.

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байгаа бол. Танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Ар гэрийнхэн, ойр дотны найз нөхдөөс нь тайлбар мэдүүлэг авч байгаа гэсэн. Байцаагч нь хэрэг бүрдүүлэлт явагдаж байна гэсэн хариу өгч байгаа. Хэрэг бүрдүүлэлттэй холбоотой байсан учраас нууцын зэрэглэлд, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хөдөөлүүлсэн. Хамгийн гол нь хоёрдугаар баг шинжилгээнд орсон, ороогүйг баттай мэдээгүй байсан учраас чандарлаагүй. Хэрэв шүүх эмнэлгийн шинжилгээ гадны нөлөөгүй гэж гарвал би өөрөө Европын аль нэг улсад хүсэлт гаргаж, дахин шинжилгээнд хамруулна. Гадаадад хэдэн жилийн дараа ч байсан хамаагүй шинжилгээний хариуг нарийн сайн гаргадаг юм. Би өөрөө хэргийн төлөө эцсээ хүртэл бүх чадлаараа явна. Гэмт хэрэгтний араас мөшгиж хайна, илрүүлнэ, дэлгэнэ. Дараа нь ямар нэгэн байдлаар харамсаж суухгүйн тулд.

-Шоу зохион байгуулагчид ямар байр суурьтай байна вэ?

-“Боловсрол” телевизийн өмгөөлөгчтэй гэрээ хийж хамтарч ажиллаж байна. Тус телевиз өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Зуурдаар амь насаа алдсан тул” гээд пост оруулсны дараа шууд л амиа хорлосон гээд шуугиад эхэлсэн. Шоуны шүүгчид болон төлөөлөл ээжтэй ирж ганц ч удаа уулзаагүй. Нэг ч удаа яриагүй.

-Энэ хэрэг дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би дүүгээ амиа хорлохгүй гэдэгт бүрэн итгэж байгаа. Тийм хүн огт биш. Энэ хэрэгт манай гэр бүл тэр чигтээ хэцүү байдалд байна. Нийгмээрээ амиа хорлосон гээд байхаар маш хэцүү байдаг юм байна. Би өөрөө хүн хөлсөлж, баримт цуглуулж, хавтаст хэрэг нээсэн. Хэрэгт холбоотой бүх сэжүүрийг баримтжуулан авч байна. Саяхан хуурамч хаягаас “Шоудахаа боль” гэсэн аймшигтай дарамт ирсэн. Би тэрийг бас баталгаажуулж авсан. Над руу хуурамч хаягаас нотлох баримт ирүүлэх байх гэж горьдоод хүлээж байгаа боловч эсрэгээрээ юу ч ирээгүй.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!