Амьдрахад хайртай тэднийг амьдрал өөрөө “баян” болгожээ

2018-11-08 16:20 676

Д.Ванчигсүрэнгийнх тэрсхэн гэмээр зургаан хүүхэдтэй. Эхнэр Г.Эрдэнэтуяа нь хэдхэн сарын өмнө зургаадахь хүүхдээ төрүүлж, Монголын хүн амыг дөрвөн хүү, хоёр охиноор бүл нэмжээ. Тэд араасаа олон дүү дагуулах анхны хүүгээ 2007 онд өлгийдөн авах үед аав Д.Ванчигсүрэн арван найман настай, харин ээж Г.Эрдэнэтуяа 20 настай байж. “Хүүхдээрээ” хүүхэдтэй болсон тэд 30 шүргэх насандаа ийнхүү зургаан хүүхдийн зулай үнэрлэжээ. Том хүү нь арваннэгэн настай, хамгийн бага охин нь долоон сартай. Хүүхдүүдийн хоёр нь сургуулийн, гурав нь цэцэрлэгийн, нэг нь гэрийн цэрэг.

Ээжийнхээ ээмгийг ломбардад тавиад, надад хуримын санал тавьж байсан

Д.Ванчигсүрэн, Г.Эрдэнэтуяа нар 2007 онд таван ханатай гэрт амьдралаа эхлүүлсэн бөгөөд шинэ гэр бүлд өгдөг 500 мянган төгрөгөөр гэрийнхээ тавилгыг худалдан авч байжээ. Харин тэд өнөөдөр өөрсдийн гэсэн байртай, машинтай болж, байгаа боломждоо тааруулан бусдаас гуйхгүй, үрс нь ээж аавынхаа хайранд өлгийдүүлэн, эцэг эх нь үрсийнхээ инээдээр эрч хүч нэмэн амьдралын төлөө зүтгэж яваа аж.

Гэрийн эзэн Д.Ванчигсүрэн “Уг нь манай эхнэр чинь долоо төрсөн юм. Эмчийн буруугаас болоод нэг охин маань эндчихсэн. Хүмүүс энэ олон хүүхэд төрүүлээд бөх зүрхтэй гэж хэлдэг. Гэхдээ хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг гэдэг үнэн шүү. Том хүү маань төрөхөд манайх хашаатай болж байлаа, хоёр дахь хүүгээ төрөхөд шинэ байшинтай, гурав дахь нь төрөхөд машинтай, тав дахь хүү төрөхөд шинэ байранд орсон. Үрс минь бидэнд ирэхдээ л энэ бүхнийг дагуулаад ирсэн. Амьдралын сайхан нь эд баялаг, элбэг хангалуун байхад бус элэг бүтэн, эрүүл энх, инээд хөөр бялхахад л оршино” хэмээн хуучлах зуур эхнэр Г.Эрдэнэтуяа хажуунаас “Манай нөхөр надад анх хуримын санал тавихдаа ээжийнхээ ээмгийг ломбардад тавиад намайг гуйсан гэдэг. Түүнээс хойш энэ амьдралаа босгох гэж бид маш их хөдөлмөрлөсөн. Бүхнийг өөрсдийн гараар бүтээсэн болохоор энэ амьдралдаа дэндүү хайртай. Нөхөр маань биднийгээ элэг бүтэн, аз жаргалтай байлгах гэж нойр, хоолоо умартан зүтгэж яваа. Хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн ч эргээд дурсахад хамгийн гэгээлэг аз жаргалтай дурсамжууд л сэтгэлд тод үлддэг юм байна.

Баяраар өмсөж явсан пүүзээ зарчихаад торт, сарнай бариад орж ирэхэд нь нулимсаа барьж дийлээгүй

Нэг удаа төрчихөөд нөхөртөө 60 мянган төгрөг өгөөд памперс аваад ир гээд явуулсан чинь нэг их удалгүй хүний утаснаас залгаж байна. “Хурдан гараад ир, ханьдаа гоё зүйл авлаа” гэдэг юм байна. Би ч их л баярлаад гарлаа тэгсэн нөгөө 60 мянган төгрөгөө, дээрээс нь “3310” гар утсаа өгөөд надад ээмэг авчихсан байж билээ. Тэгээд би түүнийг хараад л шууд уйлчихсан. Баярлаж уйлсан юм биш шүү, алтан ээмэг гэж бодоод нөхөр маань хулхидуулчихсан байсан юм. Памперсны мөнгөгүй, дээрээс нь утасгүй гээд би уйлж байж билээ” хэмээн ярихад гэр дүүрэн инээдэм боллоо. Бас нэг удаа гуравдугаар сарын 8-нд манай нөхөр пүүзээ зарчихсан торт, сарнай бариад орж ирж билээ. Яагаад гутлаа зарж байгаа юм гэж хэлмээр байсан ч сэтгэлийг нь хараад нулимсаа барьж дийлээгүй шүү” хэмээн нэмж хэлэв.

Нөхөр Д.Ванчинсүрэн яриаг үргэлжлүүлэн “Гуравдахь хүүг төрөх үед бас яаж будиллаа. Эхнэр өвдөөд эмнэлэгт оччихсон. Би өлгий даавуу аваад, жаахан шөл хийгээд очлоо. Яарч сандраад машинаа үлдээчихээд эхнэрийнхээ хажууд ороод гараад ирсэн машин ачаад явчихсан байдаг байгаа. Өлгий давуу, жаахан шөлөө машинд үлдээчихсэн байсан болохоор араас нь дагаж гүйгээд бөөн сүйд. Тэгээд намайг машинаа хөөцөлдөөд явсны араар эхнэр төрчихсөн байж билээ. Иймэрхүү хөгтэй явдлууд олон бий” гэв.

Эхнэр Г.Эрдэнэтуяа “Мөнгөн завьяа”-д худалдагчаар ажилладаг, харин нөхөр нь хувиараа ажиллахын зэрэгцээ арын албанд зүтгэдэг. Эднийх Төрийн сууцанд хүсэлтээ гарган жилийн өмнөөс Буянт-Ухаад түрээсийн орон сууцанд амьдрах болжээ. Таван жилийн хугацаатай түрээсийн байранд сардаа 400-аад мянган төгрөг төлөх нь зургаан хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд хүндхэн сорилт ч тэд байгаа боломжиндоо тааруулан бусдаас гуйхгүй амьдарч байна. Залуу хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа юм шиг аав, ээжийн эсвэл төр засгийн гар хараад сууж болохгүй гэж боддог. Хөдөлмөрлөж зүтгэсэн нэгнийг амьдрал өөрөө шагнадаг юм. Хүн хөдөлмөрлөж бүтээсэн амьдралаа тийм ч амархан нураадаггүй юм” гэж ярив.

Хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургахаас илүү хүн болж төлөвшихөд нь илүү анхаардаг

Аав, ээж хоёр нь хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй боловсролтой, сайн хүн болгож өсгөхийг амьдралынхаа эрхэм зорилго болгож явдаг ажээ. Энэ талаар ээж Г.Эрдэнэтуяа “Би таван настайгаасаа эхлээд л ээжтэйгээ зах дээр наймаа хийж өссөн. Хөлөө хөлдтөл наймаа хийгээд зогсох үед ч надад байсан. Гэхдээ ээж минь надад их сургууль төгссөнөөс илүү амьдралын ухаанд сургасан гэж боддог. Тиймдээ ч хүүхдүүдээ хөдөлмөрөөр хүн болгож, хүмүүжүүлэх гэж хичээдэг. Хүүхдүүд маань өөр өөрийн гэсэн чаддаг зүйлтэй болчихвол үнэтэй их сургууль төгссөн төгсөөгүй амьдралаа аваад явчихна гэж боддог. Мэдээж хүүхдүүдээ боловсролтой, эрдэм мэдлэгтэй болгохын хүсэлгүй л яахав. Гэхдээ зөв хүн болж төлөвшөөгүй бол үнэтэй шилдэг их сургууль төгслөө гээд хүн шиг хүн болохгүй гэж боддог” гэж ярих энэ залуу гэр бүл хэнээс дутахааргүй аз жаргалтай, “баян” амьдарч байна. Ядарсаар гэртээ ирэхэд нь аз жаргал, инээд хөөр бэлэглэдэг үрс нь тэдэнд бий. Зарим хүмүүсийн хүсээд олддоггүй үр хүүхэд тэдэнд өөрсдөө л яваад ирсэн. Амьдрахад хайртай тэднийг амьдрал өөрөө шагнажээ.

Эрдэнэ, эрдэнэ гэвч хүнээс илүү эрдэнэ хаа байна. Монголын үр маш олон болтугай. Хүн ам цөөхөн манай улсад үр хүүхэд төрүүлсэн ач гавьяа бол дээдийн заяа мөнөөс мөн.

Гэрэл зургийг “Асах гэрэл” шоуны 055 дугаартай оролцогч Б.Батгэрэл

itoim.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!