“Тэнгэр плаза” худалдааны төвд гарсан хүн амины хэрэг гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэв

2018-11-08 16:11 1190

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд хүн амины хэрэг гарсан талаар тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байна.

Хэрэг гарсан газарт шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай эрэгтэй А-г 32 настай эрэгтэй Б гэгч нь хэвлий тус газарт нь хутгалан хөнөөсөн байжээ. Тодруулбал, талийгаачийг ажлын байран дээрээ байх үед нь сэжигтэн Б согтууруулах ундаа хэрэглэчихсэн хүрч ирээд, эхнэртэйгээ хардаж улмаар түүний аминд халдсан байна.

Сэжигтэн тухайн үед талийгаачтай нэлээд маргалдсан бөгөөд маргааны явцад зодолдож, халааснаасаа цагаан иштэй хутга гаргаж ирэн хэвлий, хоолой тус газарт нь хутгалж, аминд нь хүрсэн гэнэ. Эл хэргийг үйлдсэн гэх сэжигтэнг барьж саатуулсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Талийгаач А нь “Тэнгэр плаза” худалдааны төвийн хамгаалагчаар ажилладаг байжээ. Эл хэрэг гарсан газар очиход дотор нь ажилладаг хүмүүс “Тэнгэр плаза”-гийн удирдлагуудаас энэ хэргийн талаар ам нээж болохгүй, нэр хүндэд нь халтай гэсэн” гэж хэлээд хэргийн талаар ярихаасаа татгалзаж байсан юм. Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэхдээ энэ хэрэг гэр бүлээс гадуурх харьцаанаас болсон гэв. Түүнээс зарим зүйлсийг тодруулахад “Ер нь “Тэнгэр плаза”-гийн хамгаалагчид гурваас таван сар л ажилладаг. Тэгээд ажлаасаа гарчихдаг. Нас бардаг хамгаалагч ажилд ороод удаагүй байсан тул бид сайн мэддэггүй байсан юм. Тэр өдөр нэгдүгээр давхрын явган хүний шатны хэсэгт манай хамгаалагч нэг залуутай маргалдаж бүр барьцалдаад авчихсан зогсож байсан. Тэр танихгүй залуу “Чи муу манай эхнэртэй явалддаг хэн бэ. Би та хоёрыг барьчихсан. Одоо зайлах аргагүй за юу чи” гээд хашхираад байсан. Харин хамгаалагч өөдөөс нь нэг их юм хэлэлгүй “Тайван ярилцъя. Чи архи уучихсан байна шүү дээ” гээд л байсан. Энэ яриаг хальт сонсчихоод явах гэтэл ойролцоо зогсож байсан дэлгүүрийн худалдагч, лангууны наймаачид их чангаар “Яаана аа хутгалчихлаа” гээд л орилолдоод эхэлсэн. Эргээд хартал цагаан пялтаан шал нэлэнхүйдээ улаан эрээн цус болчихсон байв. Манай хамгаалагч залуу нүдээ аньчихсан, амьсгалж чадахгүй байгаа бололтой амаа том ангайчихсан шалан дээр хэвтэж байсан. Тэр танихгүй залуугийн эхнэр нь буюу хамгаалагч залуугийн явалдсан гээд байгаа хүүхэн манай нэг давхрын хүнсний супермаркетын худалдагч байсан юм. Гэхдээ ажлаасаа гараад бараг хагас сар болсон. Бас нөхрөөсөө салаад гурав орчим сар болж байсан юм шиг байна лээ. Тэгээд талийгаачтай учиртай болж нэг гэрт орох, байх дээрээ тултлаа дотно харилцаатай болчихсон байхад нь ийм хэрэг гарчихлаа. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар нөхрөөсөө салаагүй байхдаа ч тэр залуутай учиртай байсан гэх юм билээ. Энэ хэрэг өдрийн 12 цаг 20 минутын орчимд гарсан. Манай худалдааны төвийн хамгаалалтын албаныхан болон цагаан хоолойгоор “Худалдагчид болон үйлчлүүлэгчид худалдааны төвөөс яаралтай гарч, чөлөөлнө үү” гэж хэлж биднийг хөөж, бараг дөрвөн цаг орчим үүдээ хаасан. Энэ хооронд цагдаа, түргэн тусламж, шүүхийн шинжилгээнийхэн гээд бүхий л байгууллагуудаас хүмүүс ирж, мөрдлөг явуулсан. Биднийг хөөж гаргаад нэлээд удсаны дараа хэрэгтэнг гавлачихсан, талийгаачийг цагаан даавуугаар хучин эмнэлгийн дамнуурга дээр хэвтүүлчихсэн гаргаж ирсэн. Тухайн үед хэргийг үйлдсэн гэх залуугийн гар цус болоод хатчихсан бас юу болоод байгааг ойлгохгүй байгаа бололтой нүд нь улаанаараа эргэлдэж, гайхсан байдалтай харагдсан. Өдрийн 16 цаг өнгөрч байхад биднийг дотогш оруулсан юм. Хэрэг гарсан газрыг харахад бүгдийг цэвэрлэчихсэн, цусны ор мөр юу ч үгүй болчихсон байсан” гэв. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач тухайн үед “Тэнгэр плаза”-гийн нэг давхарт байрлах хүнсний супермаркет дотор шалгалт хийгээд явж байхад нь нэгэн залуу ирж түүнтэй маргалдан, чанга хашхирсан тул хамгаалагч хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна хэмээн есдүгээр кассын хаалгаар хамт гарч явган хүний шатны хажууд орчсон байна. Талийгаач тэр өдөр хамгаалалтын гарааны ээлжгүй байсан бөгөөд хамт ажилладаг хүн нь гуйсан тул гараагүй өдрөө ажлаа хийж байсан гэнэ. Мөн эхнэрээ харамласан эр хоёр хоногийн өмнө талийгаач А дээр ирж, хэрүүл хийж, цаг орчим маргалдаж байгаад явсан аж. Тэрбээр хоёр дахь удаагаа ирэхдээ ийн хүний аминд хүрчээ. Эхнэртэй нь хамт ажилладаг байсан хүний хэлж буйгаар сэжигтэн Б нь өмнө нь хэд хэдэн удаа эхнэрийгээ зодож байсан гэнэ. Мөн нэгэн ажилтны хэлснээр талийгаачийг хоолойн тус газарт нь ганцхан удаа хутгалахад талийгаач газарт унан, тэр чигтээ нас барсан гэнэ. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хоолой, хэвлий, гуянд нь хутгалсан тул нас барсан гэв.

Ж.Үйлст: Энэ хүн намайг хаяад бүр мөсөн явах нь гэсэн айдсаасаа болж гэмт хэрэг үйлдсэн байж мэднэ

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нийт хэргийн 29-30 орчин хувь нь архидалтаас үүддэг бол үлдсэн нь хардалт, гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж үйлдэгдсэн байдаг юм. Мөн үйлдэгдэж байгаа хэлбэрийн тухайд ихэвчлэн бие махбодод хохирол учруулсан байдаг. Энэ нь даамжирсаар нэгнийгээ хөнөөх хэмжээнд ч хүрдэг. Өнгөрсөн онд энэ төрлийн хүчирхийллээс болж гурван хүн нас барсан” хэмээв.

Гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 20 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн шийдвэр гаргасан байдаг аж. Мөн өнгөрсөн онд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь зөвхөн хардалтаас үүдэн гарсан гэнэ.

Ер нь юунаас болоод гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг талаар Төрийн тусгай эмнэлгийн сэтгэл судлаач Ж.Үйлстээс тодрууллаа.

-Гэр бүл салалтын гол шалтгаан нь юу байдаг юм бол?

-Ихэвчлэн гэр бүлээс гадуурах харилцаа үүсгэсэн, эсвэл нэгнээ үндэслэлгүй хардсанаас болоод хосууд салдаг. Мөн нэгнээсээ хол амьдрах нь эхнэр, нөхрийн сэтгэл холдож, хөндийрдөг юм. Ер нь гэр бүлийн ихэнх нь эдгээр шалтгаанаас болоод л салдаг.

-Хосуудын харилцаанд юу дутагдсанаас болж гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг юм бэ?

-Тухайн эхнэр ойрхон олон хүүхэд төрүүлснээс болоод нэг нэгнээ анхаарахаа больдог. Тухайлбал, нэг нь хүүхдүүдээ асарч, тэднээсээ бусдыг анхаарахаа больдог бол нөгөө нь гэр бүлээ тэжээж байна гэх нэрийдлээр анхаарал нь өөр зүйл рүү чиглэж хосуудын дунд дотно харилцаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэггүй. Мөн өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө хөгжүүлж чадаагүйгээс болоод эмэгтэйчүүд өөрийн үнэлэмжээ унагаадаг . Үүнээс болоод хийсвэр төсөөлөлд автан нөхрөө харддаг, уур бухимдлаа гаргаад байдаг. Харин нөхрүүд энэ занг нь тэвчиж чадахгүйгээс болоод хажуудаа байгаа эхнэрээсээ илүү эмэгтэйг эрэлхийлдэг юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлгүй болгож, муу үгээр дайрч доромжилсноос болж эрчүүд өөрт нь эрч хүч өгч байгаа зүйл рүү тэмүүлснээс болоод гэр бүлийн харилцаандаа сэв суулгадаг юм. Эрчүүд ч ялгаагүй ийм байдлаас болж нь эхнэрээ харддаг. Мөн амьдралд нухлуулаад байгаадаа бухимдаж, сэтгэлээр унасан хүмүүс гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх магадлалтай байдаг.

-Хардалт өвчин мөн үү?

-Сэтгэцийн өвчин болтлоо даамжирч болно. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаагийн нэг илрэл нь гэр бүлүүдэд хардалтаар илэрч гарч ирдэг. Хосууд бие биеийхээ талаар ойлголт байхгүйгээс болоод харддаг. Мөн өмнө нь авч байсан сэтгэлийн шархаасаа болж харддаг. Зарим тохиолдолд үнэнч биш хүмүүс бусдыг өөр шигээ санаж харддаг. Түүнчлэн энэ хүн хэзээ нэгэн өдөр намайг орхиод явчих вий гэж бодсоноосоо болоод өөрийн мэдэлгүй хардах тохиолдол бий.

-Хардалт даамжирвал ямар үр дүнд хүргэдэг вэ?

-Хардалтаар өвчилсөн хүн юу ч байхгүй, ор үндэсгүй дэмий зүйлийг ч ургуулж бодон харддаг. Хардсанаас болоод өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүйд хүрч, нэгнээ зоддог бүр цаашилбал нэгнийхээ аминд хүрэх ч эрсдэлтэй. Хардах өвчтэй хүн тухайн хамтрагчаа өөрийн хүслээр байлгах гээд байдаг. Үүнээс болоод эхнэрээ гэртээ түгждэг, хүмүүстэй харилцахыг нь хориглож, тэжээвэр амьтан шиг боддог бол ийм байдалд орсон хүмүүс өөр хэн нэгэнд татагдах нь илүү амархан болчихсон байдаг.

-Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болоод нэгнийхээ аминд хүрсэн хэрэг саяхан гарчээ. Судлаачийн хувьд ийм хэргийн шалтгааныг юу гэж хардаг вэ?

-Араараа тавиулсан хос хоёрын хэн нэгэнд тухайн хүн өөрийг нь үнэлэхгүй, доромжилж, хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүргэж, уурласны улмаас энэ хэрэг үйлдэгдсэн гэж харж байна. Магадгүй тухайн нөхөрт энэ хүн намайг хаяад бүрмөсөн явах гэж байна гэсэн айдас төрснөөс болж тухайн мөчид биеэ хянах чадваргүй болсон ч байж мэднэ.

-Хосууд дотно харилцаа, итгэлцлээ яаж мөхөөхгүй хадгалах ёстой вэ?

-Нэгнийхээ хүсэл, сонирхлыг дэмждэг байх нь чухал. Мөн хэдий хосууд ч гэлээ хувийн орон зайг нь олгох ёстой. Нэг үгээр хэлбэл нэгнээ хүндэлдэг бол амьдралд учрах олон саадыг давж гарч чадна.

З.МӨНХСУВД

Өдрийн сонин

Шинэ мэдээ

error: Content is protected !!