Эхийнхээ өвөрт төрсөн Эхнэрийнхээ өвөрт үхье

2018-11-06 16:51 358

Эхийнхээ өвөрт төрсөн Эхнэрийнхээ өвөрт үхье.

Өнгөрсөн өвөл номныхоо ашгаар урагшаа явж амрахад манай эхнэр жирэмсэн болсон билээ. Өөрөө л тэгж хэлсэн ш дээ. Гарын таван хуруугийн Шагдар шиг таван хүүхэдтэй болох нь гэж баярлаад муу ёр гэж амьтан хүнд загнуулав.

Нэрний эхний гурван үсэг, царай төрх гээд Шагдар ах бид хоёрт ойролцоо юмнууд мундахгүй л дээ.

Эхнэрийн гэдэс томрохыг хараад үе тэнгийн найз нөхөд “чи одоо болиочээ” гээд л намайг тээршаагаастай. Зэл үймүүлдэг улаан бух лугаа намайг ад үзэцгээв.
Эхнэрийг Мандухай хатан лугаа өргөмжлөн дээдэлцгээв.

Яс юман дээрээ би нааш цааш их явдаг ажилтай хүн тул тэр бүр гэрийн бараа харахгүй удах. Хаа холоос гүйгүүл морь шиг эхнэрээ санан санан ирэхүй дор нөгөө шороон түмэн хүүхдүүд чинь Одос үхэр барих арслангууд лугаа тал талаас минь зүүгдээд өвдөглүүлчхэнэ. Тэгээд л ээлж дараагаараа чихэнд тийм ч юм авна, ийм ч юм авна хэмээн хүзүүдэж хөөрхий бор түрийвч бид хоёрыг сайн гөвж өгнө.

Орой унтах болоод эхнэрийнхээ баруун хаяагаар хэвтэхэд орны хөлөөр нөгөө хэд чинь аавыгаа горьдоод зогсчхоно. Эхнэр нүцгэн хөлөөрөө тийчлээд яв гэхийг огт тоохгүйгээр барахгүй зарим нялхууд нь балиар хувцастайгаа голоор бөмбөрөн орж ирнэ. Ингээд миний эхнэрээ тэвэрч унтах гэсэн гал шиг хүслийн голоор хийтэн хөлтэй юмнууд орж ирсээр унтраачихна.

Төд удалгүй би нөгөө өрөөрүүгээ дайжихаас аргагүй байдалд хүрнэ.

Том тусдаа, хоёр дундах аавтайгаа, бага охин, дундах заримдаа ээжтэйгээ гэсэн хувиарлалтаар бид унтдаг.

Ээж нь намайг хүүхдүүдтэйгээ унтахыг цаг ямагт эсэргүүцэж ирсэн ч би гэдэг хүн сайхан үрсдээ сайртай өвдөг, сахалтай хошуугаа дэвсэж байдаг уянгын халилтай хог шиг байгаан. Хүүхдүүдээ унтахыг хүлээсээр дагаж унтаад хичнээн ч шөнийг барав.

Хааяа нэг шөнө эхнэрийн өрөөгөөр орохоор дунд охин бас ээжтэйгээ очоод унтчихсан байж таарна. Ингээд л хар шөнөөр ээжийн өврөөс хоёр гурван хүүхэд нүүлгэн шилжүүлэлт хийх хэрэг гарна. Зарим нь замдаа сэрж уйлаан майлаан болоод хамаг төлөвлөгөө, сэрсэн нойр будаа. Бүр бүтэн гэрээрээ сэрж ээж, аавын атгахан жаргал цаашаа үймээн самуун дэгдэнэ.
Заримдаа нойроо харамласан удаан эхнэртээ юу хийгээд наагуураа сүүтэгнээд байгаа юм бэ гэж загнуулна. Аз таараад ажил бүтсэн үед эхнэрийнхээ өвөрт нак. Өглөө нь бөөн гомдол. Аав та яагаад ээжрүү очиж байгаан, бид яагаад холилдож унтаж байгаан гээд л мөрдөн шалгалтын ажлууд эхэлнэ. Дараагийн удаа хүүхдүүдээ буцааж ээжийнх нь өвөрт хийх мийх гэсээр байгаад шөнийг барж маргааш нь хагас нойртой явах жишээний.

Ийм л хөгжилтэй хүнд замыг туулж хааяа нэг эхнэр бид хоёр нөгөө хөлстэй нүцгэн биеэрээ учрах. Удаан хүлээсэн түүхий эд чанартай бололтой юм.

Тэгээд яахав, урд сайхан амарч явах үедээ л 5 дахь хүүхдээ өдрөөр олсон.

Хамт явсан найзууд “өдөрт хүүхдүүдээ хөөж явуулчихаад хаалгаа түгжээд байсан та хоёр аргагүй ээ аргагүй” ч гэж байх шиг.

Миний ах дүү нар бэрдээ бүр далан таваар буугаад өгчихсөн. Эхнэрийн ах дүү нар надад бүр даам гарчихсан. Тийм лут охиноо өгсөн юм чинь энэ муу хүргэн бол чипуха гэсэн харцтай.
Найзууд сайн сонсдог баруун чихэнд наад эхнэрээ олигтойхон халамжил гээд л үглээстэй. Нэг шар хүүхэн бүр чи ч цөлх хүндээ гээд “эхнэрээ халамжлах хөтөлбөр , мөтөлбөр” гаргаж өгч байх шиг.

Хөөрхий миний муу нэг настай охин ээжийнхээ гэдсэн дээр цогиж тоглох хоббитой. Энэ гэдсэн дотор хамаг байр суурийг минь булаах дайсан байна гэдгийг зөнгөөрөө ч мэдээд байх шиг. Ааш зан нь эвдэрч эхлэв. Аавыгаа бараадсан нь дээрдээ гэж амьтан хүн хэлээстэй.

Хаана төрөх уу гэж асууж байна эхнэр. Би ч “миний хань одоо сурчихсан юм чинь зүгээр бараг өөрөө төрчих байлгүй. Эмч нар салхийг нь тавиад өгөхөд л бараг болох байх тээ” гэтэл чи төрөхийг тийм амархан гэж боддог байхгүй юу гээд бас хэл ам болов.

Хүрээлэн буй хүмүүс 5 дахь хүүхдээ тээж буй ээж гэхээр ер нь л тахин шүтэх маягтай. Би тунг нь тааруулах санаатай эвдэрч болохгүй шүү ханиа гээстэй.

Хүн бүр чи агуу ээж, эхнэр гэж байгаа үед нөхөр нь чи агуу хань мань гэчих юм бол тэр хүн чинь нисээд төрж өгөхгүй ш дээ. Өө би сайхан тунг нь тааруулах жишээний. Төрхөө
с бусдыг үзсэн хашир эцэг хүн шүү дээ.

Энэ олон үйл явдлууд дундуур туучсаар нэг л мэдэхэд эхнэрийн гэдэс томорсоор төрөх боллоо. Сурсан зангаараа удаан тээв. Хоног хэтрэв. Миний хань хүүхэд олохдоо л хурдан болохоос, гаргахдаа удаан юм тээ гэж дургүйг нь хүргэв.

Найр наадам хэс ч шилрэв. Монголиан коннекшин киног үзүүлэв. Зодоон буудалцаан дунд төрчих байх гэсэн найдлагатай. Байдаггүй ээ.
Хэд хоног яс сахиад би цөхрөв. Нэг өдөр гадуур жаахан шоудчихаад маргааш нь хэвтрийн дэглэм сахиж байх хүнд үед өвдөж баларваа. Сандарсан би буруу уулзвараар эргэж цагдаад зогсоолгов. Хүн цагдаад жолооны үнэмлэх бичиг баримаа үзүүлдэг байхад би эхнэрийнхээ төрөх дэвтэр нтрийг үзүүлчихсэн. Ойлгоод арга хэмжээгээ аваад явуулсаан явуулсан.

Ингээд үүрийн 6 цагт “Амгалан амаржих” эмнэлэгт хүү төрлөө. Хүн бүр унтаж байсан тэр үед гадаадаг байдаг найз хань болов.

Хашир аав ээжийг төрөөд 20 минут болоход л шөлөө барьсаар зогсож байлаа. Эмч “ээж хүү хоёрын бие ёстой сайн” гэлээ.

Таван хүүхэдтэй болох чинь 4 хүүхэдтэй болохоос арай л их юм билээ гээд л манарч байтал маргааш нь эмнэлгээс гарах нь тэр. Найз нөхөдтэйгээ уулзаж баяраа тэмдэглэх зай өгсөнгүй. Эр хүн муухай нь энэ л дээ ккк.

Отгон хүү байх гэж найдаад гэрээ чимэглэж угтахаар шийдээд тэр өглөө ганцаараа баахан харайлгав.

Ширээ засаад л цэцэг аваад л welcome home new bady гэсэн юм хум өрөөнд нь наав. Хаалгаа онгойлгох гэж байгаад тоортоо унагасан чинь хажуу тал нь Терминаторын нүүр лугаа хачин муухай юм болов. Ер нь ганцаараа барахгүйгээ мэдээд Тээмкаа эднууст хэлж арын ажилдаа туслуулав. Хурдан ирж авсангүй гээд бас л удаандаа загнуулав. Загнаж л байг тээ.

Ингээд л манай хоёр эмнэлгээс гараад яг 14 хонож байна даа. Төрөх гээд очиход нь манай хүнийг ээлжийн эмч нь анхны төрөлтүү гэсэнд эхнэрээ цэмбэгэр байгаан байна гэж би их олзуурхав. 5 дахь төрөлт гэсэн чинь эмч шууд шоок.

Йог хийж, ууланд алхаж, зөв хооллож, муу зуршилгүй амьдардгийн хэрэг байхдаа. Одонтой ээжүүдийнхээ гүрүүпээс зураг үзүүлээд л энэ ёстой гоё хүүхэн байгаа биз гэхээр нь би утсыг нь олоод өг гэв. Яах гэж байгаан гээд муухай харахаар нь болоогүй байна, чиний туршлагыг судлуулая гэх жишээний.

Өчигдөр найзууд эргэлтээр ирээд. Жирэмсэлсэн, төрсөн гээд баахан хууч хөөрөв. Уг нь манай удаан чинь өрөөсөн өндгөвчөө авхуулсан ш дээ. Хоюулаа байсан бол 10 хүүхэд асуудалгүй гэтэл хажуугаас эхнэр донгос гээд чих мушгив. Одоо 5 хүүхэдтэй манайх шиг айл 3 хүүхдийн суудал хэрэглэх нигууртай. Унааны асуудал л жаахан хүнд байна даа. Болгонодоо. Болгож чадахгүй айл нь яадаг болдоо. Төр нь гэр бүлийн машины татвараа багасгах байхоо гэх мэт яриа өрнүүлэв.

Сүүлийн хоёр хүүхдээ төрөхөд би эмнэлгийн гадаа ганцаараа л байлаа гэсэн чинь найз “гүү тэгээд хүнтэй хамжаагүй ганцаараа л хийсэн юм чинь өөр яахав дээ” гэж авсан.
Энэ зурган дээр манай эхнэрийг эргэж ирэхдээ өгсөн найзуудын бэлэг. Дандаа манай хүний дуртай цагаан идээ. Энд надад зориулагдсан нэг ч юм байдаггүй наасан. Би эцэг нь ш дээ ккк.
За тэгээд “зочдыг аавын түрийвч дайлж бэлгийг ээжийн гар авдаг” шударга бусын хонгилтой хорвоо тиймээ. Тэгж л байг уу. За тоглоом.
14 хоног болчихоод байхад нэр олдож өгдөггүй ээ. Нэг нэр бодож олнодоо. Сайхандаа сайхан. Амьдрал сайхан. Мэддэг таньдаг хүн бүр л одоо зургаадах хүүхэдрүүгээ л гээд байх.
Шинжлэх ухааны хамгаалалт, эхнэрийн хязгаарлалт, хүүхдүүдийн хориглолтыг сэтлэх ч ээдээ хэцүүдээ л гээд байгаан. Шагжид нэг бодол бий.
Хүүхэд гаргах яах вэ, хүсвэл ихэнх аав ээжүүд чадна.

Энэ хэдийгээ хүмүүжилтэй, боловсролтой, ёс суртахуунтай, хүн чанартай, эрүүл чийрэг, эх орондоо хэрэгтэй хүн болгох л хамгийн чухал. Түүний дараа л бид хоёр одонтой гэр бүл гэдгээ хүлээн зөвшөөрнө.

Нэг нас хүрээд л дүү дагуулсан бор охиноо л их өрөвдөх юм. Аавын өвөрт шаналангуй л унтаж байна. Нялхыг би огт тэврэхгүй үнсэхгүй байгаа. Ээжийгээ дүүдээ алдчихсан тэр нялх амьтны сэтгэлийг урахгүй гэсэндээ аав нь охиндоо үнэн ч царайлж байгаа. Охиноо л эрхлүүлж байна.

Тээр жил эхнэрийнхээ төрсөн өдрөөр найзуудынхаа өмнө хэлж байсан үгээрээ гарчиг хийчихсэн юмаа. Шагдараас ялгагдах Шагжийн тодорхойлолт ердөөл тэр.

“Хорвоо дээрх бүх мөнгө, хүч чадлаас илүү баялаг бол гэр бүл үр хүүхдүүд” Загалмайлсан эцэг кино. Дон Вито Корлеони.

source: Шагж Гэлэн

Шинэ мэдээ

error: Content is protected !!