ЖДҮХС-аас зээл авахаар гурван жил хөөцөлдсөн ч, хамрагдаж чадаагүй

2018-11-06 15:29 84

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-аас олгосон зээлийн эргэн төлөлтийн асуудлаар өнөөдөр /2018.10.06/ мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг шалгуулахаар /2018.11.05/ Авлигатай тэмцэх газарт ханджээ. Учир нь П.Сэргэлэн нь ЖДҮХС-аас төсөл сонгон шалгаруулах журам батлахдаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн эсэх, хууль бус үйл ажиллагааны эхлэлийг тавьсан эсэхийг шалгуулахаар хандсан байна.

Монгол Улс хог хаягдлыг дахин боловсруулах 21 үйлдвэртэй. Үүнээс хаягдал дугуйг дахин боловсруулдаг хоёр компани байдаг байна. Тэд хаягдал дугуйг дахин боловсруулан резинэн хавтанг хийдэг.

Тэдний нэг “Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр “Манай компанийн хувьд монголдоо хүүхдийн тоглоомын резин хавтан үйлдвэрлээд 10 гаруй жил болж байна. Манай үйлдвэр хаягдал дугуйг дахин боловсруулж, бутлаад түүгээр 14 нэр төрлийн резин хавтан үйлдвэрлэдэг. Манайх 2015 оноос хойш ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлэнд гурван удаа хамрагдах хүсэлтээ өгсөн ч, хамрагдаж чадаагүй. Хамгийн сүүлд 2017 онд хүсэлтээ өгсөн.

Зээл авах шалтгаан нь одоогоор манай үйлдвэр цагт 150 дугуйг бутлах хүчин чадалтай. Одоо харин цагт 300 дугуй бутлаж, буталснаараа резинтэй холбоотой бүхий л бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэхүйц хэмжээнд хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор зээлэнд хамрагдахыг хүссэн боловч гурван жил хөөцөлдөөд бүтээгүй. Манай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 8 сая орчим дугуйг байгальд ээлтэй аргаад устгачихаад байна. Өвөл болохоор гэр хорооллын өрхүүд дугуйг шатааж, энэ нь байгальд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг байгальд ээлтэй аргаар устгаж, дахин боловсруулах нь чухал юм. Анх үйлдвэр байгуулахад 16 хүнтэй байсан ч одоо дөрөвхөн хүнтэй болсон. Ихэнхи ажилчдаа солонгос руу алдаад дуусч байна” гэв.

Шорлогны нүүрс үйлдвэрлэдэг “МСPT” компани 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Тухайн компани 2015 оноос анхны бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаж, олон улсын цахим худалдааны “Алибаба” сайтад бүтээгдэхүүнээ бүртгүүлээд амжжээ.

Тус компанийн захирал Д.Бямбадаш “Тухайн жилдээ гаднаас бүтээгдэхүүний шалгалт хийгээд олон улсын зах зээлд гарч болох чанартай бүтээгдэхүүн байна, гэрээ хийнэ, бүтээгдэхүүнийг чинь авъя гэдэг саналыг гадаадын компани тавьсан. Гэтэл дотооддоо зориулагдсанаас биш олон улсад гарахад бэлэн биш байсан. Гэхдээ тоног, төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэж чадвал бүрэн боломжтой байсан. Тиймээс ЖДҮХС-нд хандаж, тоног төхөөрөмж оруулж ирээд компанитай гэрээ хийгээд бүтээгдэхүүнээ гадагш гаргахад бэлэн байна гэдэг хүсэлтээ илэрхийлсэн. Бүхий л материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл ямар ч харуи өгдөггүй. Жил бүр материалаа бүрдүүлээд өгдөг. Зээл олдоод тухайн компанид бүтээгдэхүүнээ нийлүүлээд явж байсан бол өнөөдөр 80 гаруй хүн ажлын байртай байх байлаа. Гэтэл өнөөдөр манай үйлдвэр 27 ажилтантай л үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Г.Сүрэн

Шинэ мэдээ

error: Content is protected !!