Ээж охин хоёр 18 цагт ажлаа ч амжуулсан юмгүй, бөөн уур бухимдал болсоор орж ирлээ…

2018-11-03 14:47 563

Өнөөдөр гадаа дулаахан байсан болохоор охиноо салхинд гаргангаа Сансарын колонкийн тэнд байдаг Хаан банкинд очиж нэг ажил амжуулахаар гэрээсээ 15:30 цагт гарсан ээж охин хоёр 18 цагт ажлаа ч амжуулсан юмгүй, бөөн уур бухимдал болсоор орж ирлээ…

Учир юу гэвэл, охин маань Халамжаас группийн мөнгө авдаг. Энэ мөнгийг нь хугацаатай хадгаламжинд шууд ордог байхаар хийгээд, дансыг нь холбоод өгөөч гэж гуйсан чинь өөрийг нь авчир гэсэн учраас бид 2 банк зорьсон хэрэг. Орцноосоо арай гэж гараад явган хүний замгүй, байгаа ганц нэг дээр нь машин тавьчихсан байсан болохоор шороо, чулуу, цемент хосолсон машин замаар дэгэн догон явсаар банкин дээрээ ирээд гацдаг юм байна. Сансарын колонкийн энэ салбар KFC-тэй байрны 2 давхарт байдаг.

Хоёрын хоёр уртаас урт шаттай…Орох гарах хүнийг царайчлан хэсэг зогсоод сүүлдээ хамгаалагчийг нь дуудуулаа. Гэтэл настайвтар хүн гарч ирснээ ” та теллертэй ороод уулзчих би хүүхдийг чинь харж байя, энэ өндөр шат руу гаргахад их хэцүү” гэлээ. Харин орж уулзсаны дараа теллер нь гарч ирж охиныг минь харснаа ” Танай хүүхэд чинь нэгэнт өөрөө гарын үсгээ зурж чадахгүй юм чинь та нотариатаар орж Асран хамгаалагч нь мөн гэсэн итгэмжлэх хийлгээд ир, эсвэл дүүргийн засаг даргын захирамж авч ирээ” гэдэг байгаа…Гэтэл нотариат нь замын ард, өөр нэг салбарынх нь 3 давхарт гэнээ. Тэр 3 давхар луу нь бид 2 гарч чадахгүй болохоор аргагүйн эрхэнд нөгөө л онхол, донхол машин замаараа байн байн сигнаалдуулж, цочин барин арай гэж гэртээ ирлээ…


Манайх хэзээ энэ сонин хүнд суртал, амьдралаас тасарчихсан хууль тогтоомжоосоо салах улс юм болоо…??? Зам талбай нь л гэхэд тэрэгтэй хүүхэд түрээд явахад ийм байгаа юм чинь тэргэнцэртэй хүн ганцаараа зорчих нөхцөл, бололцооны талаар ярих нь бүү хэл бодох ч юм биш !! Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн адилхан хүн!!! Бусадтай л адил гармаар, ормоор, сургуульд сурмаар, мэргэжилтэй болмоор, ажилтай баймаар, гэр бүлтэй болмоор л байгаа шүү дээ.

Охин минь ” Монголд амьдармааргүй байна, ямар хэцүү юм бэ, Монголд төрсөндөө харамсаж байна, намайг яах гэж төрүүлсэн юм бэ???, намайг ийм болгосон эмч нарыг үзэн ядаж байна, би эндээс явмаар байна…” гэж одоо болтол тайвширч чадахгүй үглээд л байна…Нээрээ л би ч бас охиноо ингэж зовоож, шаналгаж энд ингэж байснаас гадаадын аль нэг улс руу цагаачлал хүсдэг ч юм билүү…гэж хүртэл бодох шиг….

Posted by Tuya Batmunkh on Tuesday, October 30, 2018

Шинэ мэдээ

error: Content is protected !!