Хүүхдийнхээ төлөө явж байхад хэн ч тоогоогүй, үнэхээр гомдолтой байна

2018-11-02 09:56 170

“2017 оны аравдугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ботажаны ээж нь ангид хүргэж өгсөн. Ботажан нь ангидаа Ө гэдэг хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан гэмтэл авснаас хойш нэг жил болж байна. Анги камертай ч камерийг шүүгээгүй. Ангийн багш Ү нь охины ангидаа гэмтсэн уг асуудлыг огт тоогоогүй өдий хүрч байна. Охин аравдугаар сарын 31-ний шөнө халуурч хоносон, түргэн тусламж дуудсан ч ирээгүй. Ээж нь маргааш нь Ботажаныг ангид нь тэвэрч хүргэж өгөөд, нэг цагийн дараа буцаад ангиас нь авч гэмтлийн эмнэлэгт үзүүлж, гэмтлийг тогтоолгож, хөлийг нь гипстүүлсэн.

Арвангэдүгээр сарын 9-ний өдөр ангийн багш Ү-д мэдээлж, охины бодит байдлын зургийг явуулсан. 11, 12-р саруудад Ботажаныг эмнэлэгт хэвтлээ гэдгийг мэдэгдсэн. Гэвч ангийн багш Ү нь охины эрүүл мэндэд огт санаа тавиагүй үл тоосон. Бага сургуулийн менежер Н -тэй арванхоёрдугаар сарын 27-нд уулзаж, байдлыг танилцуулаад “муу сурлагатай, угаасаа хөл муутай хүүхэд, хохь чинь” гэсэнтэй агуулга ижил хариу авсан.

2018.03 15-нд 108 хүүхдийн утсанд хандсан ямар ч арга хэмжээ аваагүй. Ботажаны хөлний гэмтлийн зураг, CD-г Солонгос, Энэтхэг Казахстан улсын эмнэлгүүдэд цахимаар явуулсан. 2018 оны тавдугаар сарын 14-нд сургуулийн захиралтай уулзахад энэ асуудлыг огт мэдээгүй байсан. Ангийн багш Ү, бага сургуулийн менежер Н, өшиглөсөн хүүхдийн аав ээж нартай хуйвалдан 7 cap шахам сургуулийн удирдлагаас нууж, ангийн камер бичлэгийг тухайн үед нь хянаагүйгээс үүдэн Ө-гийн аав ээж нар “Миний хүүхэд өшиглөсөн гэдгийг хэн харсан юм. Харсан гэдгээ хэлээд гэрчилж байгаа хүүхдийг өш хонзонтой болоод тэгж хэлж байна” гэсэн тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн.

Харин сургуулийн хамт олон охинд 2 сая 153 мянган төгрөгийн хандив үзүүлсэн.

2018 оны гуравдугаар сарын 27-нд БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж, Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Б.Ариунзул гуравдугаар сарын 28-ны өдөр Ботажаны гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэсэн. Хагас жилийн хугацаанд гэмтэл эдгэрээгүй тул дахин шинжлүүлэхэд аравдугаар сарын 17-нд шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь Б.Ариунзулын дүгнэлт үндэслэлтэй, хүндэвтэр гэмтэл гэж дахин гаргалаа. Охины хөл эдгэрэх найдваргүй болж, мэс засал хийхээс өөр аргагүйд хүрч доод тал нь 60 сая төгрөг шаардагдаж байна. Гэтэл охины ээж түрээсийн байранд амьдардаг, ийм их хэмжээний мөнгө байхгүй учраас одоог хүртэл хагалгаанд орж чадалгүй яг нэг жил болж байна.

Охин одоо таягтай, удаан алхаж чадахгүй, хамраас нь үе үе цус гардаг, хоолонд дургүй, ухаан алдаж унадаг, өвдөлт их өгдөг, хичээлдээ явж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байна. Ангийн багш Ү, бага сургуулийн менежер Н нар Ботажан охины эрүүл мэндэд хайнга хандаж, өшиглөсөн эзнийг тогтоох камер бичлэгийг санаатайгаар шүүгээгүй. Ботажанд ялгавартай хандсан боловч ажлаа хийгээд л явж байна. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээх хугацааг тооцоолоход бэрх. Охиныг хохироосон үйлдлийг өөгшүүлж өдий хүрсэн хүмүүс хуулийнханд нөлөөлж байх магадлалтай, Ботажаны хөл эрүүл болох найдвар улам алдагдах аюул нүүрлэж байна.

Ийм учраас олон нийтийн анхааралд хүргэж, Боловсролын яаманд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, хичээлийн танхимд хүүхэд эрүүл мэндээ алдсан асуудалд хариуцлага тооцож нийтэд шуурхай мэдээлэхийг Ботажан охины хөлөнд мэс засал хийлгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, ард олноосоо хичээнгүйлэн хүсэж байна” гэв.

“ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙХАД ХЭН Ч ТООГООГҮЙ. ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА”

Ээж М.Гульсекер “Би Ботажаны ээж байна. Би 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр эрүүл саруул, ямар ч бэртэл гэмтэлгүй охиноо сургуульд нь хүргэж өгсөн байсан. Гэтэл тэр өдөр удалгүй охин минь “Ээжээ миний хөл өвдөөд байна” гэж залгасан. Юу болсон бэ гэтэл “манай ангийн хүүхэд намайг өшиглөсөн, багшдаа хэлэхээр ерөөсөө сонсохгүй байна, та хурдан ирээч” гэж надад хэлсэн.

Тэгээд би иртэл охин минь уйлчихсан сууж байсан. Тэнд ангийн багш нь байгаагүй, хаашаа явсныг лавлатал өөр багштай цуг түр гарсан гэж байсан. Тэр өшиглөсөн хүүхэд тухайн үед “Би Ботажаныг санаатай өшиглөе гээгүй юм. Намайг уучлаарай” гэж хэлсэн. Тиймээс би тэр үед юм бодолгүй, охиноо аваад явсан.

Гэртээ ирээд өвдөөд, халуураад, хашхираад ерөөсөө унтахгүй байсан. Түргэн тусламж дуудахад ирээгүй. Тэгэхээр нь би эм өгөөд хэвтүүлсэн, гэтэл хоёрхон цаг унтсан. Маргааш нь би охиноо сургуульд нь өөрөө хүргэж өгсөн. “Хичээлээ таслаад хэрэггүй байх аа. Удахгүй зүгээр болно” гэж бодсон. Тэгээд багшид нь “Манай хүүхдийг өчигдөр ангийн хүүхэд нь өшиглөөд шөнөжин халуурлаа. Та сайн анхаарал тавиарай. Нөгөө хүүхдийн аав ээжид мөн хэлээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд ажил дээрээ дөнгөж очоод байж байтал охин минь дахиж залгасан.

Эргээд сургууль дээр нь очтол миний охин уйлж байхад багш нь тоосон шинжгүй сууж байсан. Тэгэхээр нь би шууд аваад Гэмтэл орж, зургийг нь авхуулж, тойг нь мултарсан байна гэж хэлээд гибстүүлсэн.

Үүнээс хойш байнга хэвтээ байдалтай байдаг болсон. Хоёр ч удаа эмчилгээ хийлгэсэн, ерөөсөө зүгээр болохгүй байна. Бүр аргаа бараад би өөр гадны эмнэлгүүд рүү хүүхдийнхээ зургийг явуулсан. Гэтэл хагалгаа хийх шаардлагатай гэсэн хариу ирсэн. Би өөрөө түрээсийн байранд амьдардаг, цэцэрлэгийн багш хүн учраас миний цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй. Тиймээс би сургууль дээр очиж өргөдөл бичиж, хандив цуглуулахаар, багшид нь өгч, захиралтай нь уулзсан. Ингэхэд тэр хүртэл захирал нь энэ хэргийн талаар мэдээгүй байсан. Аргаа бараад 108-д хандсан. Гэтэл бас тоогоогүй.

Ингээд би зургаадугаар сард өмгөөлөгч авсан. Би өөрөө хэргийн араас хөөцөлдөөд, хүүхдийнхээ төлөө явж байхад хэн ч тоогоогүй. Үнэхээр гомдолтой байна” гэв.

Эх сурвалж ikon.mn
Гэрэл зургийг. А.Чимэдцэрэн 2018.

‘Хэрвээ таны ѳѳрѳѳсѳѳ ч илүү хайрладаг бяцхан үр тань ийм байдалд орсон бол та зүгээргүй л байх байсан болвуу ? тус сургуулийн менежер болон ангийн багш , Ѳ гэдэг хүүхдийн аав ээж нараа жоохон ч болов хүн чанартай баймаар байна. “

Шинэ мэдээ

error: Content is protected !!