ХЭРГИЙН ГАЗАР: Гэр дотроос хүүхэд уйлж, тусламж дуудан хашгирч байжээ

2018-10-24 15:54 2238


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо буюу ханын материалын орчимд айлын гэр шатаж таван хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр үүрээр гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Биднийг хэргийн газарт очих үед, талийгаач нарын цогцсыг цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэг рүү авч явсан байлаа. Харин шатсан гэрийн буурийг цэвэрлэж, дутуу шатсан автомашинд галын шинжээчид үзлэг хийж байсан юм.

Талийгаач нар тус хороонд шилжиж ирээд арваадхан хонож байсан гэх ба нэг айлын хүмүүс байжээ. Гучин нас ч хүрээгүй залуу хос таван настай хүү, хоёр настай охин, эрэгтэйн аавын хамт тавуулаа амьдаараа шатаж нас барсан тухай аймшигт мэдээг хөрш айлын хижээл насны эмэгтэй уйлан ярьсан юм.

Тэрбээр “Тэд энд нүүж ирээд удаагүй байсан. Аравдугаар сарын 12, шинийн гуравны сайн өдөр гэж сүсэглээд хосууд шинэ гэр бариад байсан юм. Хоёр хөөрхөн хүүхэдтэй, удахгүй эхнэрээ бэр гуйна гээд ярьж байсан. Дөнгөж гурав хоногийн өмнө өөдлөх айл үүднээсээ гээд хашаа хороогоо цэвэрлэж байхад нь эхнэрт нь туслаад хамт зэрлэг зулгааж байлаа. Ийм аймшигтай зүйл болно чинээ хэн санах билээ.

Гал гарч байх үед манай гэрийнхэн унтаж байсан. Анх галын дуудлагыг хойд тосны ТҮЦ-ний эмэгтэй өгсөн байсан. Би гал командын хүмүүс ирэхэд гарч ирсэн. Таван хүн нас барсан байна гэхэд хэн байдаг билээ гэж бодсон. Гэтэл орой 10:00 цаг өнгөрч байхад хүүгийн аав нь хоёр хүүхдийг нь дагуулж ирээд хонож байсан юм билээ. Тэгээд л үүднээсээ гал авалцаад юу ч үгүй л болчихсон. Ухаан санаа орж гараад, уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Одоо ч гэсэн зүрх дэлсээд сэтгэл тогтож чадахгүй байна. Ганцаараа үлдсэн ээжийг нь хараад сэтгэл маш их өвдөж байна. Хүний амьдрал хэцүү юм даа” гэлээ.

Цааш үзэх

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!