Миний амьдралын хамгийн аюултай мөч бол ирвэстэй тулалдсан явдал юм

2018-08-24 17:59 744

Миний амьдралын хамгийн аюултай мөч бол ирвэстэй тулалдсан явдал юм.

Ирвэстэй тулалдах ч гэж дээ, ирвэсийг аварсан сонин түүх байдаг билээ. Ховдын Зэрэг суманд хэдэн арван километр үргэлжлэх Баатархайрханы нуруу гэж байдаг. Отгонтэнгэр хайрхантай адил өндөр Мөнх цаст нэртэй оргил ч тэнд бий. Аргаль, янгир, чоно, ирвэс их. Хорин нас гарсан тэр жилийн зуны нэг өдөр би орос винтовоо үүрээд том юм унагачих санаатай гарлаа. Ан амьтан ч таарсангүй, тэртээ хол задгай энгэрт аргалийн сүрэг харагдана. Хаанаас нь ойртох билээ гэж бодон сууж байтал хадан хясаан дотор гэнэт төмөр хангинах чимээ сонсогдов. Дотор санаанд элдэв юм бодогдовч сониуч зандаа хөтлөгдөн тэр зүг рүү аажим ойртлоо. Арайхийн учир олдлоо. Зүүн урд хөлөө тарваганы хавханд тас зуулгасан ирвэс! Ирвэс хадны өнгөтэй учир харагддаггүй, би хавхыг нь эхлээд харсан гэж болно. Ямар ч чанга хавх таарсан юм, шилбэнээс нь цус урсан түүнийгээ байсгээд долооно. Хавханд хавчуулаад лав нэг өнжсөн бололтой, хавхтайгаа бүр эвлэрсэн харагдана. Бүх төрлийн ирвэснээс хамаагүй том биетэй, хүчтэй догшин ч гэсэн Төв Азийн ирвэс Африкийн цоохор ирвэс шиг архирдаггүй юм билээ. Гэхдээ хадны цаанаас шагайн буй над руу аймаар зэвүүн харна. Зовлонгоос салган буудаж алах ганц арга байсан, гэтэл надад ирвэсийг аврах тэнэг ч гэмээр санаа гэнэт төрлөө. Энэ тухай өгүүлсү: Уулын бэлд ойрхон байх нэг айл руу асга дамжин хэдхэн харайгаад хүрчихэв. Илүү гэрт нь орж суран бугуйл, хэдэн олс, бүдүүн мод хүртэл авлаа. Тэгээд дөт замаар нөгөө хясаан дээр иртэл ирвэс алга.

Амьсгаагаа даран хагас цаг хэр амарч байтал нэлээн алс нөгөө хавхны чимээ. Би явсаар, хавхны чимээ ойртсоор. Ирвэсээ олж харлаа, ирвэс над руу дайрах гэж байгаа мэт хярна. Надад ганц л арга бий. Эмнэг хангалын давхиан дунд мориор хөөнгөө алдалгүй бугуйлдаж сурсан хөдөөгийн хүдэр эр билээ, би. Гэхдээ ирвэс бугуйлдах гэж бүтэлгүй оролдлого хийгээд бариулж магадгүй хэмээн болгоомжлон винтовоо ч цэнэглэлээ. Триатлоны тамирчин шиг олон талын арга хэмжээ авах шаардлагатай яа даа! Ирвэс хавхтай хөлөө долоох агшинг тэвчээртэй хүлээлээ. Тэр мөч ч удахгүй ирэв ээ. Миний бугуйл ирвэсний хүзүү, хавхтай хөлийг хаман орж би ч чивчиртэл татлаа. Ирвэс огло үсрэн харайсан авч би бугуйлынхаа үзүүрийг хаданд ороож амжилгүй дээ. Эмнэг хангалын хүзүүнд орсон суран бугуйл улам чивчрэн хүзүүг нь боодог номтой юм. Ирвэс хэдэнтээ дүүлсэн боловч суран бугуйл биенд нь улам шигдсээр. Ирвэс над руу эргэж дайрахаар шийдэн дахин хярлаа, би шууд винтовдсон.

Орос винтовын дуу аймаар шүү дээ, над руу дайрах гэж байсан ирвэс тэр их чимээнээр зугатан зайлах гэж хий дэмий оролдоно. Ирвэсийн дэргэд буй гозгор хад миний хамтрагч мэт. Бугуйлаараа ч хүллээ, нэмж аргамжаар ч хүллээ. Би яах гэж энэ бүхнийг хийнэ вэ?! Тэр ирвэсийг хавхнаас нь салган эрх чөлөөтэй тавьж явуулахыг хүсч байгаа ш дээ. Ирвэсийг бат хүлсэн гэж бодоод хавханд алгуур ойртлоо. Гэтэл хүлээтэй байсан баруун урд хөлөө гэнэт сугалан надаас зуурлаа. Ээ, бурхан минь! Арай ч араг яс руу хумс нь шигдчихсэнгүй, тэр сарвуунд дээлээ үлдээн арайхийн мултарлаа. Дээлийг минь хэдэн хэсэг тасар татан хясаа руу чулуудчихав. Аргамж бугуйл хийж авчирсан уутаа ирвэсийн толгойд нь углан сүүлчийн аргамжаараа хаданд дангинатал хүллээ. Тэгээд нэг цаг гаран харж хүлээлээ. Суран бугуйл чивчрэн барих авч зарим хялгасан аргамж суларчээ, би дахин дангинатал чангаллаа. Аманд нь том модоо зуулгангуут эрүүг нь заах шахан байж хадтай хавсран хүллээ. Дахин нэг цаг хүлээхэд аюулгүй болсон мэт. Хавханд орсон хөлийнх нь бүдүүн булчин хэсэгийг хаданд хүлэх л хамгийн ярвигтай ажил байсан. Харанхуй болохоос өмнө амжих хэрэгтэй, эс бөгөөс би ирвэсэнд тасар татуулна.

Алтайн ирвэс гэдэг чинь сагсны Шаравжамц гулдайн хэвтэж буй мэт урт бөгөөд савар, соёо нь ямар аймаар гэж бодноо! Тэр үед гар утас гэж байсан ч болоосой, зургийг нь авахгүй юу. Тэгсэн бол би өдийд дэлхийн хэвлэл мэдээллээр ярилцлага өгөх тоолонгоор их мөнгөтэй болж жаргалын дээдийг эдлэх байсан билээ. Хавхны нэг гарыг хавчин боож авлаа. Нөгөө гарыг нь суллахдаа асар их болгоомжтой байх ёстойг хаширсан би ойлгож байгаа. Хавханд ороод яс нь хугарсан гэж ойлгож болдоггүй юм! Мууран төрөлт амьтанд яс байдаггүй, дан мөгөөрстэй гэж би уншиж байсан. Намайг ном их уншдаг байсаныг батлах үеийн нөхөд зөндөө байгаа. Хавхны нөгөө гарыг суллахдаа би суран богцоороо бамбай хийсэн нь тун зөв болжээ!!!

Хавх авангуут нөгөө шархтай сарвуу богцыг минь ганцхан самардаад хясааны гүн рүү чулуудах нь тэр! Богцоор бамбай хийгээгүй бол тэр өдөр би хадан хясаны ёроолд ясаан тавих байсан, гэтэл би энэ араатаны төлөө амь хайргүй үзэж тарж л байдаг. Баатархайрханы эзэн хүчирхэг ирвэст гомдох ч шиг, хавхгүй болсонд нь хайр ч хүрэх шиг. Бүх уяагаа ээлж дараалан тайлсан боловч суран бугуйлаа авч зүрхэлдэггүй. Би ирвэсэнд бариулах гэж төрөөгүй биз дээ, өөрийгөөн нэг нойморт тавина. Суран бугуйлын үзүүрийг тайлаад ирвэсийн толгойн дээгүүр учир зүггүй винтовоороо галлалаа. Алтайн өндөр ууланд винтовоор галлах аймаар, хэдэн мянган оргил дамжин цуурайлна. Америкийн байлдаантай кинуны дуу юу ч биш шүү дээ. Алтайн уулын нас бие төгс ирвэс хэдэнтээ цочин давхийхэд цоожгүй бугуйл суларсаар, тэр чөлөөлөгдлөө. Хэд харайгаад л оргилын оройд суун над руу харан зогсоно, яг л Симба! Би гараараа даллалаа. Тэр нөгөө муу хавханд орсон хөлөө өргөж миний нүдийг нулимс бүрхлээ. Бид хоёр харуй бүрий болтол нэг нэгнээ харсаар байлаа. Тэр надад талархаж цаашаа явахгүй байгааг би зөнгөөрөө мэдэрсэн. Тэр харагдахаан болиход би дайн тулаанаас харьж буй баатар мэт гэрийн зүг гэлдрэв. Галигаа аавдаа энэ тухай нууцхан ярилаа, аав итгэхгүй байгаа нь илт.

Аав хүртэл итгэхгүй байхад хэн нэгэнд энэ тухай ярихгүй гэж бодсон. Тав зургаан хоногийн дараа аав хавхны эзэнийг олж, тэнд цустайгаа наалдсан үс ирвэсийнх болохыг тогтоогоод надаар энэ түүхийг дахин дахин яриулдаг байж билээ. Аав минь сумын Хянан шалгах хорооны даргыг насаараа хийсэн хүн, мань мэт залуу эрийн үнэн худал ярьсаныг тогтоож чадах нь мэдээж.

Шинэ мэдээ

error: Content is protected !!